БНХАУ-ын олон ангит шилдэг кино шалгаруулах ёслолын арга хэмжээ болж өндөрлөсөн. Уг наадамд “Гаадаа мээрэн” кино нэр дэвшин өрсөлджээ. Монголоос анх удаа жүжигчин Р.Анхням уригдан оролцоод ирсэн билээ. Гаадаа мээрэнгийн эхнэр Муданы дүрийг бүтээсэн тэрбээр газар шороогоо хамгаалан тэмцэж байгаа тулааны хүнд зураг авалтуудад амжилттай оролцсон аж.
Түүний ур чадварыг өмнөд хөршийн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн гэнэ. Р.Анхням улаан хивсний ёслолд оролцохдоо “Гоёо”-гийн даашинзаар гангарчээ. Олны өмнө үндэсний брэндээрээ гоёх гэсэн түүний саналыг хүлээн авсан “Гоёо”-гийн дизайнерууд хадны сүг зургийн хээтэй цагаан шаргал өнгийн даашинз, гутал, цүнхний хамт урласан нь гадныхныг гайхашруулжээ.