4096 бөх барилдуулж Гиннесийн амжилт тогтоох ажлыг МҮБХ зохион байгуулж, бөхчүүдийг бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гиннесийн амжилтын хорооны төлөөлөгчид хүрэлцэн ирж, монгол бөхийг Гиннесийн амжилтад бүртгэх эсэхийг шийдэх өдөр ойртоод буй. МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзантай холбогдож энэ тухай тодрууллаа.
-Одоогоор хэчнээн бөх бүртгүүлээд байна вэ?
-Хотын бөхчүүдийг энэ сарын 10 хүртэл, хөдөөгийн бөхчүүдийг энэ сарын 10-15-нд бүртгэнэ. Бүртгэлийн эцсийн дүн 15-нд гарна. Хотын бөхчүүдийн бүртгэл 50 хувьтай байна. Байнга барилддаг бөхчүүд болон биеийн тамирын дээд сургуулийн оюутнууд нийлээд 1000-аад бөх хотод бий гэж тооцож байгаа.
-Хугацаа бага үлдэж байна. Хотын бөхчүүдийн 50 хувь нь л бүртгүүлсэн нь хангалтгүй биш үү?
-Улс, аймаг, сумын наадмаар баримжаалахад Монгол Улсад байнга барилддаг 40 мянга орчим бөх байсан. Тэгэхээр 4096 бөх цуглуулахад санаа зовох зүйлгүй. Байнга барилддаг бөхчүүдээс гадна барилдахаа больсон ахмадууд хийморио сэргээж зодоглоно, энэ том үйл явдалд оролцоно гэж бүртгүүлж байгаа. Мөн байнга барилддаггүй ч бөхийн спортыг сонирхдог, бие хаа сайтай, “хөөрхөн ноцолдчихдог” залуус ч бүртгүүлж болно шүү дээ.
-Барилдахаа больсон ч барилдааныг нь үзэхийг хүсдэг дархан аварга А.Сүхбат, гарьд Ц.Цэрэнпунцаг нарын бөхчүүд энэ арга хэмжээнд оролцох болов уу?
-Одоогоор бидэнд хандаж бүртгүүлээгүй л байна. Гэхдээ Монгол бол бөхийн өлгий нутаг гэдгийг дэлхий дахинд нотлон харуулах энэ том үйл явдалд хувь нэмрээ оруулахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй. Бөх сонирхогчдын хүндэлж хайрладаг, барилдааныг нь харахыг хүсдэг аварга, гарьдууд маань барилдах байх аа.
-Түрүүлсэн бөхийн бай шагнал ямар байх вэ?
-Улсын наадмын бай шагналын хэмжээнд байна.
-Энэ арга хэмжээг зохион байгуулахад хэдэн төгрөгийн зардал гарч байна вэ?
-300-гаад сая төгрөг зарцуулах тооцоо гарсан. Бөхөд хайртай хүмүүсийн дэмжлэгээр энэ мөнгө цугларчих байх аа. Бид дэмжлэг цуглуулах хэд хэдэн кампанит ажил зохион байгуулж байгаа.
Х.УЯНГА