Залуусыг амьд хөгжимд “уруу татсан” “Нисванис” хамтлагийнхан тун удахгүй хоёр цомог гаргах гэж байна. Тус
хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай өчигдөр 15.10 цагт холбогдлоо.
-“Нисванис” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?
-Манай хамтлаг жил бүрийн дөрөв болон есдүгээр сард тоглолт хийдэг уламжлалтай. Есдүгээр сарын 18-нд фэн клубийн өдөрлөгөө хийнэ. “Хүчилтөрөгч” фэн клуб маань байгуулагдаад зургаан жил болжээ. Бидэнд зориулж тэд сюрприз бэлдсэн гэсэн.
-Хоёр цомог гаргах гэж байгаа гэл үү?
-Өнгөрсөн жил тоглосон “Unplugged” тоглолтынхоо бичлэгийг янзалж, найруулаад цомог болгож байгаа юм. Бичлэгийн ажил дуусаж, хэвлэлтэд явуулахад бэлэн болсон ч зардлаас болж саатчихаад байна. Мөн сүүлийн үед хийсэн шинэ дуунуудаараа цомог гаргахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар таван дуу бэлэн болсон. Шинэ цомогтоо 10- 12 дуу оруулна.
-Шинэ дуунуудын талаар сонирхож болох уу?
-Шинэ дуунуудын ихэнх нь яруу найрагч Б.Галсансүхийн шүлэг. Түүний “Бурханд хэлэх зөвлөгөө” номонд орсон шүлгүүдээс сонгож ая хийсэн. Б.Галсансүх бид найзууд. Найзынхаа шүлгийг өмнө нь нэг их анзаардаггүй байсан чинь гайгүй юм биччихдэг юм байна. (хошигнов) Цаашдаа ч Б.Галсансүхийн шүлгүүдэд ая хийхээр төлөвлөж байгаа. Дажгүй дуу болчихоор шүлэг зөндөө байна билээ.
-Та саяхан хуримаа хийсэн, баяр хүргэе.
-Баярлалаа. Өнгөрсөн сард хуримаа хийсэн. Эхнэр бид хоёр шинэ хүнтэй болох гээд тэсэн ядан хүлээж байна. Эхнэр маань арваннэгдүгээр сард амаржих юм.
Х.Уянга