Дуучин Ч.Ануг “Гала” хамтлагт байх үеэс нь мессежээр харилцсаар ирсэн фэн жаалууд одоо нас биед хүрсэн. Сүүлийн үед тэрбээр айдас түгшүүртэй амьдарч буй гэнэ. Дэгжин хээнцэр бүсгүйд дурласан хоёр залуугийн этгээд үйлдлээс тэрбээр залхжээ. Гурван жилийн өмнө спорт загварын ганган машинтай залуу Ануг хаа ч явсан дагадаг байсан аж.
Харин энэ жил түүний ойр тойрныхны ярьж буйгаар бол сонин зантай этгээд түүнийг айлган сүрдүүлэх болжээ. “Би өнөөдөр чиний дэргэдүүр өнгөрсөн. Үнэрийг чинь мэдрэхэд сайхан байсан шүү” гэх мессеж нисгэдэг байна. “Миний дэргэдүүр галзуу солиотой гэхээр хүн зөрж өнгөрөөгүй дээ” гэж Ану гайхаширдаг болжээ. Тэр залуу бүр даварч “Би хайртыгаа алаад, өөрийгөө алж чадна шүү” гэсэн мессеж илгээдэг болсон байна.
Дуучин бүсгүй аргаа барахдаа машиныхаа 11-11 гэсэн азын дугаарыг солиод ч нэмэр болсонгүй. Өнгөрсөн зун Мянганы сорилтын сангийн ажлаар хэд хоног яваад ирэхэд нь үл таних залуугийн “хайрын” захиа машиных нь хаалганы завсар хавчуулаастай байхыг олж хараад ихэд айжээ. Одоо Ану аав, ээжийнхээ зөвлөснөөр хамгаалагч хөлслөөд буй.