Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилготой сан байгуулжээ. Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөн, хүнгэнэсэн дуутай, өвөрмөц царайтай хүү Драмын театрын тайзнаа дэлхийн болон үндэсний жүжгүүдийн гол дүрийг бүтээж байсныг үзэгчид одоо ч мартаагүй. Түүний бүтээсэн “Ээдрээ” жүжгийн доголон Дорлиг, “Арын албаныхан” жүжгийн Багабанди, “Эхийн тал” жүжгийн Шалма зэрэг дүрд урлагийнхан онц дүн тавьдаг юм билээ. Театрын тайз, циркийн манеж, киноны хальсанд дүрээ мөнхөлж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүний хүү, “Латиф” сангийн тэргүүн Л.Байзадатай өчигдөр 14.15 цагт холбогдлоо.
-Сайн байна уу. Та хаана, юу хийж явна вэ?
-Сангийнхаа нээлтийн тоглолтыг энэ сарын 22-нд Монголын хүүхдийн ордонд хийх ажлынхаа бэлтгэлийг хангаад явж байна.
-Сангийн үйл ажиллагааны тухай товч танилцуулна уу?
-Юуны өмнө аавынхаа дурсгалд зориулж цирк болон рок поп урлагийнхны хамтарсан тоглолт хийнэ. Мөн баримтат кино, дурсгалын цом бий болгож хошин урлагийн залуу уран бүтээлчдийг дэмжиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцоно. Гол санхүүжүүлэгч нь Дэлхийн казахуудын нийгэмлэг. Энэ байгууллага казах уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Манай сан зургаан гишүүнтэй, гол ажлыг би хариуцах юм.
С.СЭРГЭЛЭН