“Их Британийн хамгийн алдартай, галзуу, хөгжилтэй гэр бүл хэнийх вэ” хэмээн Пирс Морган үзэгчдээсээ асуужээ. Хариулт нь “Осборныхон”. Алдарт рок дуучин Оззи Осборн, түүний эхнэр, менежер Шэрон, хүү, жүжигчин Жэк, охин, дуучин Келли, Эйми хувийн амьдралаа харуулсан “Осборныхон” реалити шоуг 2002-2005 онд MTV-гээр цацсан нь тэдний нэр хүндийг дэлхий дахинаа өсгөсөн. Гэсэн ч энэхүү нэвтрүүлэгт тэдний бага охин Эйми Осборн оролцохоос татгалзсан нь үзэгчдийн сонирхлыг татдаг нь одоо ч хэвээр. Осборны гэр бүлийн хамгийн идэвхтэй гишүүн Шэрон, Келли Осборн нарыг Пирс нэвтрүүлэгтээ урьжээ. Зураг авсны дараа энэ удаагийн ярилцлагаа “Хар дарсан мөртлөө сэрмээргүй зүүд” хэмээн Пирс тодорхойлсон юм.
-Осборныхон тааварлаш гүйн дээр огцом, түргэн зантайгаараа алдартай.
Ш.О: Бидний хэнд нь ч бялдууч зан байдаггүй болохоор тэгж санагддаг байх.
К.О: Манай гэр бүлийнхэн итгэдэг зүйлийнхээ төлөө тууштай тэмцдэг. Бидний үнэт зүйл нэг. Заримдаа бодсоноо шууд хэлчихдэг болохоор хүмүүст таагүй байдаг ч юм бил үү.
-Этгээд, өвөрмөц иргэдээс бүтсэн тусгаар тогтнолт улс.
К.О: Хүн бүр өөрийн амьдралтай. Тус тусдаа үнэт зүйлтэй. Хэн ч гэсэн хамгийн чухал гэж бодсоноо бүхний түрүүнд тавина. Бидний хувьд энэ нь гэр бүл. Үнэмшилгүй сонсогдож болох ч үнэн юм шүү.
-Эм арслан шиг л сонсогдож байна.
Ш.О: Бурхан минь, Пирс. Чи юу гэх гээд байгаа юм бэ?
-Эм арслан эрэгчин болон зулзаганыхаа төлөө юу ч хийхэд бэлэн байдаг.
Ш.О: Бас найзуудынхаа төлөө гээч.
-Келли, чи гэр бүлийнхнийхээ хэнтэй нь илүү адилхан бэ?
К.О: Би аавыгаа илүү дуурайсан байх.
-Хөөрхөн, хайр татам хэрнээ даруу төлөв зан чинь надад таалагддаг юм.
К.О: Танд би тэгж санагддаг нь гайхмаар юм. Би өөрийгөө бульдог нохойтой адил муухай ааштай гэж боддог. Хэрвээ хэн нэгэн надад таалагдаагүй бол тэр чигээрээ л үлдэнэ. Дотроо дургүй байсан ч инээмсэглэн мэндэлж би огт чаддаггүй. Хүүхэд байхдаа ч миний дургүй хүн гэрт орж ирвэл гартал нь уйлдаг байсан.
Ш.О: Хүүхдүүд маань өөрийнх өөрөө л байдаг. Үүнийг нь Оззи бид хоёр буруутгадаггүй. Хүүхдийг ингэх, тэгэх ёстой хэмээн хүчилж, эвдэх маш буруу. Магадгүй зарим эцэг, эх тэгж хүчилсний улмаас хүүхэд нь эвдэрдэг байх.
-Холливудэд байх нь тэвчишгүй зүйл мэтээр хүмүүс ярьдаг.
К.О: Надад тийм зүйл мэдрэгддэггүй. Харин намайг хүмүүс тэвчдэггүй байх. Би өчигдөр нэг найзтайгаа олны танил жүжигчин, дуучдаар дүүрсэн зоогийн газар орсон юм. Бид хоёрын хажууд олны танил хос суусан байснаа удалгүй ширээгээ сольж холдсон. Бид дуу шуугиан ихтэй байсан болохоор тэр л дээ.
-Скарлет Иохансон, Шон Пенн хоёр байсан юм биш биз?
К.О: Хөөх, та яаж мэдсэн юм бэ?
-Би тэдний оронд байсан бол мөн л чамаас холдох байсан.
Ш.О: Хүмүүс бидэн рүү “Гуйж байна, болиоч” гэсэн харцаар хардаг. Харин би тэдэн рүү “Амаа тат” гэсэн харцаар хариу барьдаг.
-Та хошин шогийн мэдрэмж сайтай юм, Шэрон. Гэхдээ тантай олон удаа хооллож байсны хувьд би тэр хүмүүсийн талд орно. Таны хажууд байх яг л галт уулын дэргэд зогсохтой адил.
К.О: Ээж ээ, хоёулаа маш том амтай юм байна. Нэг зүйлийг хэлэхэд ээж бид хоёр хоёулаа буруу зүйл хийснээ тэр дороо хүлээн зөвшөөрдөг. Харин ихэмсэг, хямсгар хоёр нүүртэй хүмүүст бид угаас дургүй.
-Танай гэр бүлийнхэн ханхүүгийн хуриманд оролцсон уу?
Ш.О: Үгүй гэдгийг чи мэднэ шүү дээ.
К.О: Тийшээ явснаас хүнсний дэлгүүр орсон нь дээр.
-Жаахан охиноо залуу хатагтай болон төлөвшихийг харах ямар вэ?
Ш.О: Цэцэгчин хүн тарьсан цэцгээ өндөр ургаж, навч нь нахиалахыг харах ямар вэ, яг тийм санагддаг.
К.О: Хэдэн жилийн өмнө би хар тамхинд донтсон. Яг тэр үед ээж хорт хавдартай болсон. Бодохоос аймшигтай. Харин одоо муу бүхэн ард хоцорсонд сэтгэл хангалуун байна. Энэ бүхнийг бид гэр бүлийнхнийхээ хүчээр даван туулсан.
-Танай гэр бүлийн амьдрал “Осборныхон”-д ямар ч хачиргүйгээр гарсан уу?
К.О: Аав, ээж хоёрын реалити шоуны санаа үнэхээр хөгжилтэй байсан. Гэрийн өнцөг булан бүрт камер байх нь эхлээд эвгүй байсан ч сүүлдээ мартчихсан. Гэхдээ дараа нь өөрсдийгөө зурагтаар харах таалагдаагүй. Тэгээд ч миний хар тамхинд донтож эхэлсэн үе камерт буусан болохоор би үзэх дургүй.
-Та ч мөн нэвтрүүлгээ үзэх дургүй юу, Шэрон?
К.О: Тэр үед ээж өөрийгөө хэт тураалтай байсан тухайгаа бодож байна.
Ш.О: Би хорт хавдартай байсан шүү дээ. Тийм хэцүү бэрх үед тохиосон ч гэр бүлийн реалити шоу миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг.
-Нэвтрүүлэг амжилттай өндөрлөж, бүх дэлхий танай гэр бүл рүү харсан. Гэвч нөгөө талаар хүүхдүүд тань олны хараа, хэл амны бай болсон шүү дээ. Цаг хугацааг буцааж, бүхнийг өөрчлөхийг хүсдэг үе бий юү?
Ш.О: Эцэг эх нь хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг. Ихэнх хүүхэд хар тамхийг сонирхож татрдаг. Келли тэдний л нэг байсан. Хэрвээ тэр хорт зуршлаа өдийд хаяагүй байсан бол би өөртөө гар хүрэхэд ч бэлэн байх байсан. Келли маань өөрийгөө удирдаж чаддаг тул тэрнийг хаясан.
-Танай гэр бүлийн гол бэлгэ тэмдэг Оззи. Тэр бол миний мэдэх хамгийн хөгжилтэй хүн. Рокийн амьд домог. Гэтэл таны өвчин түүнийг үнэхээр сэтгэлээр унагасныг бид нэвтрүүлгээс харж байлаа.
К.О: Тэр юу хийхээ ч мэдэхгүй байсан. Ээжийн өвчнийг мэдээд хүн бүр л учраа олохгүй, айж сандарсан.
Ш.О: Тэр үед Келли надаас бараг алхам ч холдоогүй шүү. Эмнэлэг явахад ч гэртээ байхад ч үргэлж хажууд байдаг байлаа.
-Энэ нь та хоёрыг ийм дотно болоход нөлөөлсөн
-Гэхдээ ийм холбоо та хоёрын харилцааг улам гүнзгийрүүлээгүй гэж үү?
К.О: Та намайг уйлуулах гээд байгаа юм уу?
-Мэдээж үгүй.
Ш.О: Энэ чинь түүнийг өвтгөх хангалттай шалтгаан. Хэрвээ үнэхээр мэдмээр байвал би тийм гэж хэлье.
-Та тухайн үед үхлийн тухай хэр их бодож байсан бэ?
Ш.О: Бараг цаг тутам би үхлийг мэдэрч байсан. Эмч нар цус сэлбэх үед би ажилдаа их цаг зарцуулаагүйдээ харамссан. Өвчнөө эдгэрсний дараа би өмнөхөөсөө шаргуу ажиллаж эхэлсэн. Мөн гэр бүлийнхэндээ ч илүү анхаарал хандуулдаг болсон.
К.О: Цус сэлбүүлэх үед ээжийн царай аймшигтай цонхийчихдог. Би сувилагчаас цусны даралтыг нь шалгахыг байнга гуйна. “Хэвийн байна” гэсэн хариу сонссон ч санаа амардаггүй байв.
-Та хоёр нэг хэсэг илүүдэл жинтэйгээ тэмцсэн байх аа?
К.О: Би одоо ч гэсэн махлаг хэвээрээ. Гэхдээ үүнд санаа зовохоо больсон.
Ш.О: Хүн бүр өөр. Бусдаас содон харагдуулдаг зүйл чиний давуу тал ч байж болно шүү дээ. Миний өгзөг том, жижиг байх эсэх нь үнэндээ бусад хүн огт хамаагүй. Өөрийгөө байгаагаар нь л хайрла. Амьдралаас миний ойлгосон нэг зүйл бол энэ.
К.О: Би хов живэнд үнэхээр дургүй. Хэн нэгний илүүдэл өөхөнд санаа зовохоос чухал ажил хүмүүст байдаг байлгүй дээ.
-Яг одоогоор би твиттерт донтчихсон байгаа. Та хоёр ч надтай адилхан байх аа?
К.О:Гэхдээ та арай илүү байх.
-Твиттер шинэ мэдээлэл, хов живээр дүүрэн. Над шиг хүнд энэ нь дүүртэл цэнэглэсэн машин л гэсэн үг.
К.О: Хөгжилтэй юм.
Ш.О: Твиттер дэх хамгийн дуртай хуудсуудын маань нэг нь чинийх.
-Би хэрүүлд дуртай л даа.
Ш.О: Бид анзаарсан.
-Дээр үед шүтэн бишрэгчид нь оддыг хэвлэл мэдээллийнхнээс хамгаалдаг байсан. Энэ тохиолдолд хувийн амьдрал нууц хэвээр үлдэнэ. Харин одоо сайтаар дүүрэн хов жив байдаг болж.
К.О: Олон нийтийн сүлжээний сайтууд хүмүүсийг амархан холбодог, түргэн гарц тул би дуртай. Тэрнээс хэн дуртай нь хүссэнээ ярьдаг талбар байдгийг нь тэвчдэггүй. Яах вэ, хааяа үүгээр зугаацаж болох юм. Та ч гэсэн сонссон хов живээс асуултаа бүрдүүлдэг биз дээ. Тиймээс хов жив сонгохдоо ч анхааралтай байгаарай
-Өнөө орой хамгийн их асуудалд орсон нь би байлаа шүү. Гэсэн ч үнэхээр сайхан шоу боллоо.
Ш.О: Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа, Пирс.
Б.ЭГШИГЛЭН