“Шилмэл загвар” ХХК-ийн захирал Ч.Оюунцэцэг олон үндэстний хувцастай хүүхэлдэй цуглуулах дуртай. Тэрбээр очсон орон бүрээсээ үндэсний хувцастай хүүхэлдэй худалдан авч ажлын өрөөгөө чимэглэдэг аж. Хообийг нь мэддэг найз нөхөд нь ч гэсэн гадаадаас ирэхдээ хайртай “охид”-ынх нь тоог нэмдэг гэсэн. Ч.Оюунцэцэг “Архитектур болон хувцас загвар хоёр салшгүй холбоотой.
Дундад зууны Европын барилгын загвар нь эмэгтэйчүүдийн даашинзанд тусгалаа олсон байдаг. Тэгэхээр хувцас бол түүхийн тусгал” хэмээсэн. Түүний цуглуулгад орос охин Матрёшка хүнтэй байр эзэлнэ. Тэрбээр хувцас загвар зохион бүтээгч мэргэжлийг Киевт эзэмшиж, тэнд дөрвөн жил ажилласан юм. Түүнчлэн шотланд үндэсний хувцастай, кимонотой, буриад хувцастай зэрэг төрөл бүрийн хүүхэлдэйг та бүхэн харж байна.
Ч.Оюунцэцэг ажлын өрөөндөө хүүхэлдэйн цуглуулгаа хадгалдаг бол гэртээ олон орны архитектурын өвөрмөц шийдлийг илэрхийлсэн бүтээлийн жижигрүүлсэн хувилбарыг нандигнан хадгалдаг. Эйфелийн цамхаг, Нью-Йоркийн дүүжин гүүр гээд улс орныхоо нүүр царай болсон дурсгалыг харах бүртээ Ч.Оюунцэцэг ажлын айлчлал, амжилт бүтээлээ эргэн дурсдаг гэсэн. Түүнчлэн тэрбээр 1980 оноос эхлэн үзсэн үзвэрүүдийнхээ тасалбарыг цуглуулдаг болсон юм билээ.
Ж.СОЛОНГО