“21” цомгоо гаргаж шуугиан тарьж буй Их Британийн залуу дуучин Аделегийн “Someone like you” дуу Биллбоардын шилдэг дууны жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр саяхан болсон “MTV VMA”-гийн тайзнаа уг дуугаа дуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт 46 сая хүн сонсож, цахим сайтуудаар 275 мянган хувь татагдсан байна.
“Uk chart”-ийг тэргүүлж байсан уг дуу Биллбоардыг тэргүүлсэн түүний хоёр дахь бүтээл болов. Түүний “Rolling in the deep” уг жагсаалтыг 18 долоо хоног тэргүүлж, “MTV VMA”-ийн гурван төрөлд ялсан юм. Аделегийн “21” цомог борлуулалтаараа Битлзийн амжилтыг эвдэж, 2000 оноос хойших хамгийн эрэлттэй цомгоор шалгарчээ.
Биллбоардын шилдэг дууны жагсаалтыг Maroon 5-ийн “Moves like Jagger”, LMFAO-гийн “Party rock anthem” удаалав. Сонирхуулахад, дуучин Аделе ирэх онд худалдаанд гарах шинэ цомгийнхоо дуунуудыг бичүүлж эхэлсэн байна.
Т.ЖИГҮҮР