Дэлхийн хамгийн өвөрмөц дизайнтай ажлын өрөөг “Mashable” сэтгүүлээс шалгаруулжээ. Интернэтээр явуулсан санал асуулгын дүнд Польшийн “XSolve & Chilid” компанийн ажлын байр жагсаалтыг тэргүүлсэн аж. Компьютерийн программ зохион бүтээдэг тус компани ажилчдынхаа өрөөний таазнаас дүүжин ор өлгөж, тоглоомын талбай байрлуулжээ. Жагсаалтын хоёрдугаар байрт “Media Safari” зар сурталчилгааны компани орсон байна.
Ажилтнуудын бүтээмж нь ажлын байрны тав тухаас шалтгаалдаг гэж үздэг тус компанийнхан тод улаан өнгийн сандал, гоёмсог хийцтэй буйдангаар өрөөнүүдээ чимэглэсэн байдаг аж. Харин “Стратегийн өрөө”, “Хэлэлцээрийн танхим”, “Амралтын өрөө”, “Зохион бодох сэтгэлгээг хөгжүүлэх төв” зэрэг олон төрлийн тасалгаатай оффист байрлах “Strategic America” компани удаах байрт орлоо.




