Алдарт зураач, зохион бүтээгч, их сэтгэгч Леонардо да Винчигийн “Витрувианы хүн” зургийн олон дахин томруулсан хувилбар Хойд туйлд бий болов. Ирландын зураач Жон Квигли “Хайлж буй Витрувианы хүн” нэртэй бүтээлээ Хойд туйлаас 800 км зайд, Шпицберген, Гренланд хоёрын дунд орших мөсөн дээр зурсан байна. “Витрувианы хүн”-ий баруун талыг мөсөн дээр урлахдаа тэрбээр “Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал бидний иргэншлийг залгиж байна” гэсэн санаа гаргахыг зорьсон аж. 50 метр урт, 25 метр өргөн энэ зургийг зурахын тулд Жон Квигли зэс хавтангуудыг ашиглажээ.