Монголын тулгар төрийн 2220 жил, Улсын драмын эрдмийн театрын 80 жилийн ойд зориулан
бүтээж буй Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ. Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа ба өдий хүртэл гол дүрийн жүжигчдээ нууцалж байсан юм. Харин тэрбээр өнөөдөр манай сониноор дамжуулан жүжгийн гол дүрд хэн хэн тоглож буйг нэрлэлээ.
Модун Шаньюгийн гайхамшигт хувь заяаны тухай өгүүлэх жүжгийн гол дүрийг Г.Эрдэнэбилэг бүтээх аж. Тэрбээр саяхан “Кино код” шоуны “Ганган Төгс” уран сайхны киноны Ганган Төгсийн дүрийг бүтээхээр болсныг уншигчид санаж буй биз ээ. Улсын драмын эрдмийн театрын авьяаслаг, туршлагатай жүжигчдийн нэг Г.Эрдэнэбилэгийг энэ дүрд тоглуулахаар найруулагч эртнээс төлөвлөсөн байжээ. Түүнчлэн түүний хайртай хатан Шагэгийн дүрд Д.Ганцэцэг, бага хатан Шивагийн дүрд Ганчимэг нар тоглох юм.
Модуны аав Түмэн Шаньюгийн дүрийг Хасарын дүрээрээ алдаршсан Б.Жаргалсайхан, түүний хатан Могодын дүрийг ардын жүжигчин Н.Сувд, бага хатан Шунхуйн дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг бүтээж байна. Аав хүү хоёрын үзэл бодлын зөрчил болон монгол хүний газар нутгаа гэсэн сэтгэлийн тухай өгүүлэх жүжигт тухайн үеийн цэргийн жанжин, түшмэд чухал үүрэгтэй. Тухайлбал, жүжгийн ээдрээ зангилааны эзэн болсон Лүүсүү вангийн дүрд ардын жүжигчин П.Цэрэндагва, Модуны дүү Арваадайн дүрд залуу жүжигчин С.Ариунбямба нар тоглоно.
Түүхэн жүжиг гол дүр олонтойн зэрэгцээ дайн байлдааны хэсэгт олон хүн тоглуулах шаардлага тулгардаг. Жүжгийн зохиолын дагуу 26 дүр бий. Түүнчлэн олны хэсэгт тоглуулах жүжигчдээ найруулагч Н.Наранбаатар УДЭТ-т ажилладаггүй ч СУИС төгссөн мэргэжлийн жүжигчдээс сонгохоор болсон аж. Одоогийн байдлаар тайз болон хувцасны үйлдвэрийн ажил үргэлжилж, жүжигчид дүрийн задаргаа хийж дуусчээ. Маргаашнаас жүжигчид хөдөлгөөнтэй бэлтгэл хийж эхлэх юм.
Ж.СОЛОНГО