Хошин урлагийн “Маск” продакшны хэдэн залууг “элэг авахдаа” гайгүй гэдэг. Эгнээндээ “Заан”, “Аварга биетэн”, “Мөнгөн толгойт” гээд өвөрмөц төрхтэй, авьяаслаг жүжигчдийг элсүүлсэн тус хамт олны дундаас бөх төрсөн тухай сонсоод М.Баярмагнайгийн утсанд холбогдлоо. Хамтлагийн менежерийнхээ хуриманд уригдаад тун завгүй байгаа тэрбээр ийнхүү хариулав.
-М.Баярмагнай Гиннесийн номд нэрээ мөнхөлж, барилдах гэж байгааг сонслоо. 4096 бөхийн барилдаанд хүч үзэхээр бүртгүүлсэн гэв үү?
-Бүртгүүлэх нь бүртгүүлсэн. Гэхдээ би өөрөө санаачилга гаргаад очиж бүртгүүлсэн юм биш. Надаас бөх тайлбарладаг нэг залуу (нэрийг нь санахгүй байна гэв) ярилцлага авсан юм. Тэр л бүртгүүлчихсэн байсан.
-Ямартай ч бүртгүүлсэн юм байна. Үнэхээр барилдах юм уу. Ер нь барилдаж байсан уу?
-Багадаа л секц, дугуйлан гэж явахдаа барилдаж байсан шүү дээ. Тэр үед гар болон сагсан бөмбөгөөр хичээллэдэг байлаа. Түүнээс биш барилддаг гэж хэлж болохгүй байх аа. Гэхдээ энэ удаа нэгэнт бүртгүүлчихсэн юм чинь барилдана даа.
-Хэдийн даваа хүртэл явах бол?
-За, ямар ч байсан хоёрын даваатайгаа байх аа.
-Хошин урлагийнхнаас болон танай хамтлагийн залуучууд энэ барилдаанд зодоглох болов уу?
-Сайн мэдэхгүй, сураг сонсогдохгүй л байна шүү дээ.
-Зодог, шуудгаа бэлдсэн үү. Шинээр хийлгэх үү?
-Багадаа өмсөж байсан зодог, шуудаг багадчихсан (инээв). Энэ барилдаанд зориулж шинээр оёулахгүй ээ, тоглолтдоо хэрэглэдэг зодог, шуудаг байгаа л даа.
Ж.ЭРДЭНЭ