Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж буй Гиннесийн амжилтад бүртгүүлэх “Монгол бөхийн гайхамшиг” барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Энэ сарын 17-нд эхэлсэн уг арга хэмжээнд монголчууд идэвхтэй оролцож, 6004 бөх зодоглосон. Барилдаанд улсын цолтой 157, аймаг, цэргийн цолтой 816, сумын цолтой 1905 бөх зо доглож байгаа бөгөөд үлдсэн нь цолгүй бөхчүүд аж.
Гиннесийн амжилтын хорооны төлөөлөгч арга хэмжээний нээлтэд ирээд буцсан ба барилдааны сүүлчийн өдөр буюу энэ сарын 24-нд дахин ирж амжилтад бүртгэх эсэх шийдвэрээ гаргах юм байна. “Монгол бөхийн гайхамшиг” барилдааны нэгийн даваа өнөөдөр дуусах бөгөөд хоёрын даваа хоёр, гурвын даваа нэг, 4-13 хүртэлх даваа хоёр өдөр үргэлжилнэ. Гурвын даваанаас эхлэн Бөхийн өргөөнд барилдааныг үргэлжлүүлэх юм.
Энэ түүхэн барилдааныг үзэхийг хүссэн бөх сонирхогчид Бөхийн өргөөнд багтах эсэх, үндэсний бөхөө Гиннесийн амжилтад бүртгүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж зодоглоё, энэ барилдааныг үзье хэмээн зорьж ирээд нэг, хоёрын даваанд өвдөг шороодсон бөхчүүдэд барилдаан үзэх эрх олгож буй эсэх талаар МҮБХны дэд тэргүүн Д.Данзангаас тодруулахад, “Бөхийн өргөөнд багтах хэмжээгээр нь үзэгчдийг оруулна.
Энэ арга хэмжээнд оролцож, зодоглосон бөхчүүд барилдаан үзэхийг хүсвэл тасалбараа худалдаж авна. Ямар нэг давуу эрх эдлэхгүй” гэв. Нээлтийн ажиллагаа, нэг, хоёрын давааны тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10-15 мянган төгрөг байсан бол гурвын давааны тасалбарын үнэ 6000, сүүлчийн хоёр өдрийн барилдааны тасалбар хосоороо 15 мянган төгрөг байх юм.
Х.УЯНГА