Дэлхийн яруу найргийн түүхэнд байгаагүй онцгой үйл явдал 2011 оны есдүгээр сарын 24-нд болох гэж байна. Энэ өдөр 96 орны 451 хотод 100 мянган яруу найрагч нэгэн зэрэг шүлгээ уншиж, бүтээлийнхээ тухай хэлэлцэх юм. Энэ оны наймдугаар сарын 16-нд Колумбад болсон Дэлхийн яруу найрагчдын хөдөлгөөний удирдах зөвлөлийн хурлын үеэр олон нийтийн анхаарлыг эдийн засгийн хямрал, өвчин зовлон, байгалийн гамшиг зэрэг сөрөг мэдээллээс хол дуулах санаачилга гарчээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд “100 Thousand Poets for Change” үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон аж.
Одоогийн байдлаар найргийн өдөрлөгт 96 орны 451 хотын найрагч нэгдэхээр болжээ. Монголчууд ч тэдний нэг нь. Улсын хүүхэлдэйн театр, Тэрэлж болон Чойрт Монголын яруу найрагчид цуглан, зургаан цагийн турш шүлэг унших юм. Түүнчлэн энэ өдөр Төрийн соёрхолт зохиолч Р.Чойномын мэндэлсний 75 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой.
Дашрамд дуулгахад, өөрчлөлтийн төлөө нэгдсэн 100 мянган зохиолчийн өдөрлөгийг улс үндэстэн бүр өргөн хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Унгарт 100 яруу найрагч 10 цагийн турш шүлэг, найраг уншихаар болсон бол америкчууд улсынхаа хэмжээнд 278 газар найрагчдыг цуглуулах гэж байна.
Ж.СЭЛЭНГЭ