Монголын хөгжмийн урлагийн хамгийн том наадам болох “Алтан намар 2011” бямба гаригт нээлтээ хийлээ. ХХААХҮЯ-ны “Алтан намар” ургацын баяртай эл наадмыг нэгтгэж Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн нь энэ жилийн онцлог. 29 дэх удаа гийн “Алтан намар”-т 24 хөгжмийн зохиолч бүтээлээ сойсноос наадмын салхийг урлагийн гавь яат зүтгэлтэн Ц.Жамъян хагалжээ. Өчигдөр судлаач, хөгжмийн зохиолчид Улсын филармонид цуглаж наадамд оролцож буй 12 бүтээлийг сонссон ба өнөөдөр Хөгжим бүжгийн коллежийн тоглолтын танхимд бусад бүтээлийг эгшиглүүлэх юм.
Энэ жил “Алтан намар” наадмыг судлаачид шүүхгүй. Харин тэд бүтээлд өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүд нэгтгэн дүгнэх аж. Шилдгээр шалгарсан бүтээлүүдээс үнэлэн 50 сая төгрөгт багтаан улсын санд худалдан авах ажлыг БСШУЯ хариуцан ажиллаж буй.
Мөн “Алтан намар 2011”-ийн хүрээнд ард түмний дунд намрын сэдэвтэй дууны уралдаан зохион байгуулж буй бөгөөд өчигдөр нэгдүгээр шат нь өндөрлөсөн. Хөгжмийн наадмын хаалт энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, шилдэг дуучдад шагнал гардуулах юм.
Ж.СОЛОНГО