Монголын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Цогт тайж”-ийг Францын CNC төвд сэргээн засварлуулж, дижитал хувилбарт шилжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Сэргээн засварласан эхний хувилбар нь эх орондоо иржээ. Хальснаас хальсанд буулган засварласан хувилбарыг энэ сарын 29-ний 19.00 цагт “Тэнгис” кино театрт үзүүлэх аж. Энэ талаар БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З.Баянзулаас тодрууллаа.
-“Цогт тайж” уран сайхны киног олон нийтэд зориулан кино театрт гаргах гэж байгаа юм уу?
-Сэргээн засварлаад авчирсан учраас БСШУЯ, Францын Элчин сайдын яам болон бусад албаны хүмүүсийг урьж үзүүлэх гэж байгаа юм. Гэхдээ үзэгчдэд зориулж 100 тасалбар худалдахаар болсон.
-Энэ төсөл хэдэн төгрөгөөр хийгдсэн бэ?
-Францын Засгийн газрын санхүүжилтээр сэргээн засварлаж байгаа учраас манай талаас нэг ч төгрөг гараагүй. 80 гаруй мянган еврогийн ажил хийгдэж байгаа.
-Дижитал хувилбар нь хэзээ бэлэн болох вэ?
-Энэ ондоо багтаж авчирна.
-Цаашид ямар уран сайхны киног сэргээн засварлуулахаар төлөвлөж байгаа вэ?
-“Өглөө” уран сайхны киног сэргээн засварлуулах талаар Оросын талтай ярилцаж байгаа.
Ж.Солонго