Оюутан байхаасаа хип хоп хамтлагийн дууны дахилт дуулж, эвлэгхэн хоолойгоороо залуусын танил болсон Б.Баярцэцэг сүүлд “Элсний нүүдэл”, “Шүрэн бугуйвч”, “Цавчуур цэг ком”, “Тэнгэрт харвасан од” гэхчилэн киноны дуугаар занималдсан. Арваад жил дуулж, олон сайхан дууны эзэн болсон ч анх удаа монгол дууны тоглолтоо хийх гэж буй бүсгүйн уран бүтээлийн эр бяр, эрч хүч одоо л жигдэрч байгаа гэнэ. Түүнтэй ярилцлаа.
-Шинэ цомог “төрүүлэх” гэж нэлээд удаан дуншлаа. Цомог тань хэзээ сонсогчдын гарт хүрэх вэ?
-Олон жил бодож явсан хөгжмөө хийх гэж зорьсон болохоор олон дуунаас шигшиж, дахин дахин зассаар нэлээд сунжирлаа. Гэхдээ санаандаа хүрсэн бүтээлүүд хийж чадсан. Том зорилго тавьсан бо лохоор сэтгэлд хүрээгүй хөгжмөө засах гэх мэтийн ажилд хугацаа их зарцууллаа. Уран бүтээлийнхээ өнгө аясаас шалтгаалан “Хязгааргүйн цаана 1, 2” гэсэн цуврал цомог гаргахаар шийдэж, эхнийхийг нь хэвлэлтэд явуулсан. Энэ удаа зургаан дуутай классик поп урсгалын цомог хийсэн. Хоёр дахь нь ирэх оны гуравдугаар сард гарна. Есөн дуутай, электро тал руугаа дижитал дуугаралттай байх болно.
-Стиль, имижээ өөрчилнө гэж байсан шүү.
-Би өмнөхөөсөө илүү эмэгтэйлэг, мөрөөдөмтгий харагдах байх. Гэхдээ стиль өөрчлөгдсөн ч дуулалт өөрчлөгдөхгүй.
-Урлагийн тайзнаа гараад багагүй хугацаа өнгөрүүл сэн ч монгол дууны анхны тог лолтоо хийх гэж бай гаа нь сонин санагдлаа?
-Дуулж эхэлснээсээ хойш дөрвөн цомог гаргасан ч монгол дууны тоглолт хийж байгаагүй. Тийм учраас энэ удаагийн тоглолт шинэ цомгийн баяраас гадна өмнө нь гарсан гурван цомогт орсон, хүмүүсийн сонсох дуртай дуунуудыг шиг шиж оруулсан.
-Энэ тоглолт хоёр удаа хойшилсон. Одоо бэлтгэл хэр байгаа вэ?
-Тухайн үед нөхцөл нь бүрдэхгүй, ямар нэг шалтгаан гараад байсан юм. Одоо бол ухрах замгүй. Тоглолтын бэлтгэл 90 хувьтай байгаа. Тоглолтыг “On and off” про дакшн зохион байгуулж байгаа. Ерөнхий зохион байгуулалт, арын ажлыг тэд амжуулж байгаа болохоор дуу, бүжгээ бэлдэхээс өөр асуудалд би санаа зовохгүй байгаа. “Ододтой бүжиглэе” теле визийн шоунд оролцсоноос хойш латин бүжгийн хообийтой болчих сон. Тоглолтын үеэр бүжиглэнэ. Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглоно. 3000 орчим хүнд дуулж өгнө гэсэн үг. Урьд нь ийм том тоглолт хийж байгаагүй болохоор их хичээж, догдолж байна. Хариуцлага алдах эрх байхгүй. Жинхэнэ утгаараа амьд хөгжмийн шоу тоглолт болох учраас ирсэн хүмүүс маш гоё дуу хөгжим сонсох болно.
-Сонсогчид өөрийг тань чадалтай хоолойтой хэрнээ цөөхөн уран бүтээл хийдэг залхуу дуучин гэж дүгнэдэг?
-Гурван цомог гаргасан гэхээр дор хаяж 30-40 дуу байгаа. Үүнээс гадна цомогт ороогүй, бусад хамтлаг дуучидтай хамтарч дуулсан, уран бүтээл бий. Нийтдээ 100 гаруй уран бүтээлийн эзэн юм билээ, би. Харин хүнд хүргэх тал дээр хангалтгүй ажилладаг юм шиг байгаа юм. Клип хийхдээ хойрго гэсэн шүүмжлэл сонсож байсан. Энэ тал дээр өөрийгөө өмөөрөхгүй. Нэг үе хэтэрхий бэлэнчлээд сурчихсан байжээ. Киноны дуу дуулахаар хүмүүс миний өмнөөс клипийг нь хийж телевизүүдээр цацаад, нэг мэдэхэд л хүмүүсийн амандаа аялдаг дуу болчихсон байдаг. Харин бусад уран бүтээлээ дүрсжүүлэх тал дээр хойрго байсан нь үнэн. Одоо алдаагаа засаж, энэ тал дээр анхаарч байгаа. Удахгүй шинэ уран бүтээлийн клипүүд гарна.
-Багадаа их шартай охин байсан гэсэн. Сэлэнгэ аймагт төрж, өссөн бил үү?
-Би Сэлэнгэ аймгийн унаган хүүхэд. Сэлэнгэ айм гийн Алтанбулаг суманд төрж, аймгийнхаа арван жилийн хоёр - дугаар сургуулийг төгссөн. Долоон хүүхэдтэй өнөр бүлийн дундах охин доо. Манайхан гэр бүлээрээ авьяастай. Бүгдээрээ л дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, хөгжим тоглодог. Ээж, аавын ажил дээр арга хэмжээ болоход гэр бүлийн концерт тоглодог байсансан. Аав баян хуур тоглож, ээж бүжиглэж, шүлэг уншина. Би 4-5 настайгаасаа л дуулсан. Хүн чадаж байгаа юмыг чадаж л таарна гэж юм юм руу зүтгэдэг, хөдөлгөөнтэй, шартай охин байлаа. Сургуулийнхаа сагсны шигшээ багт орох гэж нэг хэсэг гүйсэн.
Хөгжмийн дугуйланд орж бүх зэмсгээр тоглож сурна гэж харайлгасан. Бүжгийн дугуйланд ч явсан. Юм оёх гэж үзсэн. Ээжийнхээ өмсөхөө больсон ч юм уу эсвэл хамгийн гоё ганган хувцсыг хайчлаад, өөртөө хувцас оёод өмсчихдөг байлаа. Дарга байх дуртай. Бүх зүйлд дарга байхыг хүсдэг, нэгдүгээр ангиасаа л ангийн болон бүлгэмийн зөвлөлийн дарга байсан. Сургуулийнхаа урлагийн аварга гэж байгаа бас. Ер нь л нийгмийн идэвхтэй, урлаг, спортын бүх арга хэмжээнд оролцдог хүүхэд байсан. Нэг зүйлээр оролдсон л бол онц юм уу сайн гэсэн үнэлгээнд хүрэх гэж зүтгэдэг, үүндээ ч хүрдэг байжээ.
-СУИС-д тун сүр дуулиантай элсэж байсан гэж сонссон?
-Хүн чин хүсэл тэмүүллээ юугаар ч дарах гээд дийлдэггүй гэдэг үнэн юм билээ. ХААИС-ийн нягтлан бодогчийн ангид сурч байхдаа үүнийг ойлгосон. Тэнд би гуравдугаар курс хүртэл сурсан шүү дээ. Хичээлээ тараад, зарим өдөр таслаад өдөр бүр СУИС дээр ирнэ. Тэгээд оюутнуудын гамм уншиж байгаа ангийн үүдэнд зогсож, сонсдог байлаа. Төгсөх курст орох жилээ тэсэрсэн. СУИС-ийн Сургалтын алба руу гүйж ороод хаалгыг нь дотроос нь дарж зогсчихоод “Би ийм ч авьяастай, тийм ч авьяастай. Би сургуулиа хаяад ирлээ. Та намайг авахгүй бол би сургуульгүй боллоо. Та намайг заавал ав” гээд Сургалтын албаны дарга Г.Алтангэрэл багшид англи, орос, монголоор дуулж өгсөн. Хүн болсоор анх удаа л надаас тийм их зориг гарсан байх.
-Тэгээд Г.Алтангэрэл багш авчихсан хэрэг үү?
-Сургалтын албаны дарга Г.Алтангэрэл багш Мөнхцэцэг багш руу утасдаж “Чи ороод ир дээ. Энд нэг хэцүү хүүхэд ирчихээд манай сургуульд орно гээд гардаггүй” гэж дуудсан. Элсэлтийн шалгалт өнгөрчихсөн байсан болохоор тусдаа комисс гаргаж, Улсын филармонийн нэг өрөөнд шалгалт авсан. Би Сараа эгчийн дууг дууллаа. Сараа эгчтэй яг адилхан, бүх зүйлийг нь дуурайж дуулсан. Тэгэхэд Д.Ухнаа багш “Чи заавал Сарааг дуурайх хэрэггүй. Өөрийнхөөрөө дуулах хэрэгтэй. Боломжийн юм байна, итгээд авлаа шүү” гэж хэлсэн. Би ч авахаас аргагүй болтол зовлонтой байдалд оруулсан л даа. Тэр үед дуучин болох гэсэн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, юунаас ч айж, эмээхгүй, эрч хүчээр буцалж байсан. СУИС-д элсээд нэг хэсэг идэвх буурсан. Одоо миний эрч хүрч жинхэнэ оргилж байна. Гэртээ нэг өдөр ч өнжиж чадахгүй, байнга шинэ зүйл хийхийг хүсэж байна. Одоо л Баярцэцэг гэдэг хүнийг илэрхийлэхүйц уран бүтээл хийж байна.
-Нэг хэсэг хип хоп дуунуудын дахилт хит болоод байсан нь чамтай холбоотой байх аа?
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Рок попын гал тогоо тийм ч харгис биш ээ. Энэ урлагт зүрх сэтгэлээ зориулсан хэнийг ч гэсэн халуун ам бүлдээ хүлээгээд авдаг юм. Би оюутан байхдаа хип хоп хамтлагийн дууны дахилтыг дуулсаар хүмүүс намайг сонсдог, царайг минь хараагүй хэрнээ “Баярцэцэг гэж ингэж дуулдаг хүн байдаг” гэж мэддэг болчихсон байсан. Дараа нь киноны дуунууд дуулсан. Эхний дуунууд маань хүмүүст амархан хүрсэн. Ер нь би уран бүтээл хийх гэж мөнг ө гуйж, ивээн тэтгэгч хайж яваагүй. Тэгэхээр би азтай байгаа биз дээ. Миний дууг хүмүүс сонсдог нь хамгийн том аз.
-Эмэгтэй дуучид гарч ирэхдээ баян эрчүүдтэй нэр холбогддог. Харин өөрөө харьцангуй нам жим амьдардаг шиг санагддаг?
-Олон арга хэмжээнд оролцож, олны нүдэнд ил яваад байдаггүй болоод ч тэр үү намайг энэ асуудал тойрдог нь амар байдаг. Хамт дуулсан дуучидтай л хааяа холбоод биччихдэг юм. Би хүмүүсийн анхаарлын төвд байх дургүй. Нам гүм орчинд дуртай. Жишээ нь, диско бааранд орох дургүй. Орсон тохиолдол гарын арван хуруунд багтах байх.
-Уран бүтээлч хүн бусдын анхаарлыг татаж, дуулиан дэгдээж байвал зүгээр юм биш үү?
-Заавал тэгэх ёстой гэж хичээхээрээ утгагүй болчихно л доо. Байгаагаараа бай сан нь дээр. Дүр эсгэх хамгийн муу - хай. Сайн бүтээл хийвэл хүссэн хүсээгүй хүнд хүрчихдэг. Хүмүүсийн анхаарлыг хар, шар мэдээгээр татах шаардлага надад байхгүй.