Улсын драмын эрдмийн театрын 30 гаруй уран бүтээлч өнөөдөр Монгол туургатны “Алтан сэргэ” олон улсын
театрын наадамд оролцохоор ОХУ-ын Буриад улсыг зорилоо. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг наадамд Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “сойж” байгаа. Үүний зэрэгцээ В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ Буриадын хэд хэдэн хотод аялан тоглох аж. Энэ талаар УДЭТ-ын захирал З.Цэрэнсамбуугаас тодрууллаа.
-Театрын ойн баяр ойртсон энэ өдрүүдэд та бүхэн тун завгүй байна. Шинэ уран бүтээлтэйгээ зэрэгцүүлэн аялан тоглолт хийх болсон нь ямар учиртай вэ?
-Бид дөрвөн жилд нэг удаа болдог энэ наадамд байнга оролцдог учраас уламжлалаа дагасан хэрэг. Тэгээд ч Монгол туургатны наадмыг монголчуудгүйгээр төсөөлшгүй. Түүнээс биш бидний хоолойд тулсан их ажил өрнөж байна шүү дээ.
-Наадмын хүрээнд аль театрт тоглох вэ?
-Наадамд Тува, Халимаг болон Улаан-Үдийн театрын уран бүтээлчид оролцоно. Манайхан аравдугаар сарын 1-2-нд 500 хүний суудалтай Оросын драмын театр, 350 хүний суудалтай “Старий” театрт тоглоно. Мөн “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ хэд хэдэн хот, тосгонд тоглох байх. Энэ ажлыг зохицуулахаар манай Маркетинг, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Ундрал түрүүлээд Буриад явсан.
- Ц а а ш и д Өвөрмонголд ч гэсэн очиж тоглолт хийхээр ярьж байгаа гэл үү?
-Тийм ээ. Бид орон нутагт хийдэг аялан тоглолтоо олон улсынх болгож өргөжүүлэх зорилготой байна.
Ж.Солонго