Цасны хүн, алмас хэмээн нэрлэдэг нэгэн төрлийн хүний тухай барим тавим яриа их байдаг ч түүнийг үнэхээр харсан хүн байдаг эсэх нь эргэлзээтэй. Судлаачдын тэмдэглэлд сармагчин шиг бүх бие нь үсээр хучигдсан, өндөр амьтны тухай дурдаад түүнийг алмас хэмээсэн нь бий. Олон улсын эрдэмтэд алмас байдаг эсэх талаар маргалдаж, олон арван жил эрэл хайгуул хийсэн ч үр дүнгүй байсаар. Хоржоонтой нэг нь энэ сэдвээр даажигнан, чихмэл тоглоомыг алмасын дүрд “тоглуулж”, зургийг нь интернэтэд байрлуулсан нь багагүй шуугиан тарьсан. Тэгвэл Монгол, Орос, АНУ, Канад, Швед, Эстони, Хятад гэсэн долоон орны судлаачдын баг ОХУ-ын Кемеров мужийн нутагт алмас хайхаар болжээ.
Энэ сарын 6-нд эхлэх эрлийн ажил агаараар болон газраар гэсэн хоёр маршрутаар явагдана. ЗХУ-ын ШУА-ийн гишүүн, профессор Борис Поршневийн удирдсан баг 1958 онд тус газарт ажиллаж байсан бөгөөд үүнээс хойш ийм том хүрээний хайгуул явуулж байгаагүй юм байна. Энэ ажлын хүрээнд Таштагол хотод цасны хүн судлалын бага хурал зохион байгуулж, алмас орших бодит боломж болон хүн ба алмасын генетикийн судалгааг харьцуулсан илтгэл тавьж, тэрхүү амьтны гэрэл зураг, бичлэг зэргийг үзүүлэх гэнэ. Энэ тухай “Интерфакс” мэдээлснээр Сибирьт алмас эрж хайх ажлыг 2009 онд эхэлсэн аж.
Сибирийн Горной Шориид орших Азасск агуйд хоёр метр гаруй өндөртэй, хүнтэй төстэй амьтан байдаг талаар нутгийн иргэд, анчид байнга мэдээлдэг. Үүний дагуу өнгөрсөн зун тус агуйд камер байрлуулснаас гадна есдүгээр сарын дундуур хайгуулын багийнхан тэнд ажилласан юм байна. Уг багийн бүрэлдэхүүнд Оросын мэргэжлийн боксчин Николай Валуев багтжээ. Тэрбээр алмастай учраагүй ч тийм амьтан байдгийг гэрчлэх мөр олж харсан хийгээд агуйд зассан хэвтэр байсан тухай хэвлэлийнхэнд ярьсан байна.
Долоон орны эрдэмтдийн багт тэрбээр орсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч “зверь из Сибири” хочтой, 146 кг жинтэй, 2.13 метр өндөр Н.Валуев цасны хүний эрэлд явсан тухай хошин яриа хүртэл гарчээ. Тоглоом шоглоом гаргууд хоржоонтой хүмүүс “Алмас түүнийг хараад зугтсан” хэмээн онигоо зохиосон гэнэ.
Э.ХАНА