Францын Руффиньяк агуйгаас 17 мянган жилийн тэртээд хамаарах хадны зургууд 2006 онд олдсон юм байна. Олон жилийн шинжилгээ, судалгааны дүнд тэдгээр зургийг 3-7 настай дөрвөн хүүхэд зурсныг тогтоосон тухай ВВС мэдээлэв. Зургуудын дийлэнхийг тав орчим настай охин зурсан байна. Тэрхүү зургуудыг хүүхэд зурсныг батлах хурууны хээнүүд хадан дээр тод үлджээ.
Түүнчлэн хадан дээр зурсан томчуудын бүтээлд төрөл бүрийн утга агуулга илэрхийлж, будагч бодис хэрэглэсэн байдаг бол хүүхдүүд үзүүртэй зүйлээр дураараа сараачиж, юу нь мэдэгдэхгүй зүйл дүрсэлсэн байжээ. Судлаачид “Хүүхдүүд хадан дээр ямар нэгэн зорилготой зурсан эсэхийг тайлбарлах аргагүй” гэжээ.