Дуучин Б.Баярцэцэг хязгааргүй хөх тэнгэрээс, хязгааргүй хөх тэнгисээс, хязгааргүй олон оддоос асууж сураглаж явсаар хайсан зүйлээ олжээ. Үүнийгээ үзэгч фэнүүдтэйгээ хуваалцлаа. Удаан хайсан аялгуугаа олсноо зарлаж, хязгааргүйн чанадад урьсан урилгыг нь үзэгч олон хүлээн авч Соёлын төв өргөөг хоёр өдөр эзэгнэв. Б.Баярцэцэг 1999 оноос хойш 10 гаруй жил дуулж байгаа ч өөрийнх хэмээн өмчлөх уран бүтээлээрээ анхны тоглолтоо хийж буй нь энэ. “Болор” хамтлагаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж, Монголын рок попын ертөнцийн хаалгыг зөөлөн боловч эрс шийдэмгий тогшсоор орж ирсэн Б.Баярцэцэг өдгөө хүмүүсийн сонсох дуртай 100 гаруй уран бүтээлийн эзэн болжээ.
Уг тоглолт нэг талаас түүний арав гаруй жилийн уран бүтээлийн тайлан, нөгөө талаас “Хязгааргүйн цаана” цомгийн мялаалга байлаа. Элдэв чимэглэл маяггүй, илүүдсэн реклам сурталчилгаагүй ч энгийн биш гайхалтай тоглолтын сонин сайхныг тоймлон хүргэе.
“Би хүлээсээр” дуугаар эхэлсэн уг тоглолт
“Чинийхээ хайрыг би
Цөхрөлийн дэргэдээс олох гэж үү
Цээжинд чинь зүрхээ нааж
Хэлж амжаагүй үгээ шивнэе дээ” хэмээн үргэлжилж,
“Харин ээ, яавал дээр вэ
Хамаг бүхнээ учирлан байж хэлэх үү”,
“Гуних тоолонд нутгаа саналаа
Гундах тоолонд нутагтаа би залбирлаа
Дуулах тоолонд нутгаа саналаа
Дурсах тоолонд нутагтаа би залбирлаа”,
“Чамайг яагаад хайралснаа
Чамд яагаад дурласнаа би мэдэхгүй”,
“Хаврын бороон дусалд шингэн над дээр ирсэн үү
Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү
Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр
Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр” хэмээн уянгалаг, торгомсог аялгуугаар өрнөсөн. Түүний хит дуунууд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан.
УЙЛСНЫГ БҮҮ АСУУ
Тоглолт ид дундаа орж, алга ташилт нижэгнэж байтал дуучин сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадалгүй уйлж орхисон нь үзэгчдийг нэг хэсэг сандаргасан. Дуулж байсан дуугаа дуусгалгүй тайзан дээр мэгшиж зогсоо бүсгүйг аргадах гэж үзэгчид хамгийн чангаар алга ташин шүгэлдэж байсан тэр үе тоглолтын оргил байлаа. Тэрхэн үед дуучны уйлсан шалтгааныг олох гэсэн олон таамаг танхимд нисэж амжсан шүү. “Ээж нь тоглолтод нь ирээгүй гэсэн. Ээждээ гомдсон байх”, “Найз залуу нь цэцэг авчирч өгөөгүй юм болов уу”, “Сэтгэл нь тавгүй байх шиг байсан, хувийн амьдралд нь л таагүй зүйл болж дээ” гээд л. Гэвч “Уйлсныг бүү асуу” гэдэг, дуучны нулимсны учрыг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй болохоор үүнийг ингээд орхиё. Ямартай ч бүх зүйлд өөрийнхөөрөө байгаа дуучны жинхэнэ амьд мэдрэмж төрүүлсэн тоглолтын нэг шигтгээ нь энэ нулимс байлаа.
АЛДАА НЬ ХҮРТЭЛ ГОЁ
Амьд, жинхэнэ амьд тоглолт боллоо. Хоёр цаг үргэлжилсэн тоглолтын турш Б.Баярцэцэг бүх дуугаа амьд хөгжимтэй дуулж, хит дуунуудыг нь үзэгчид дахиулахад “Миний хоолой өвдөөгүй ээ” гээд хөгжимгүйгээр “цангинуулж” буйгаас аргагүй чадалтай хоолойтой дуучин гэдэг нь харагдсан. Хаа нэг жижиг сажиг алдаа гарсан ч “амьд тоглолт үзчихлээ” гэсэн сэтгэл ханамжийг үзэгчдэдээ өгч чадлаа. Хиймэл зүйлгүй, бүх зүйл байгаагаараа байх гоё юм. Алдаа нь хүртэл.
ШИНЭХЭН ТАНИЛ МИНЬ САХИЛГАГҮЙ БҮСГҮЙ, “ПАНААЛ”-ТАЙ ЗАЛУУ БАЙВ
Дуучин бүсгүй “Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолддог. Бүсгүйчүүд бид хааяа шоудана, парти зохионо. Үүний дараа “сахилгагүй” бүсгүйчүүд ингэж дуулмаар болдог болов уу” хэмээн “оршил”-доод дуулсан дуу нь
“Анхны учрал”.
“...Утас руу минь бүү залгаач
Улаан дарсны амтыг мартаач...” гэх үгтэй,
цоглог хэмнэлтэй дуу түүний “Хязгааргүйн цаана” цомогт багтсан шинэ уран бүтээл. “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалантай хамт “Соронз” хэмээх дуугаа дуулахдаа Б.Баярцэцэг “Амгаа ахын хүүхэн яаж найрдгийг одоо хараарай” хэмээн зарласан. Амгаа ч
“Сайхан бүсгүй минь
Нэр чинь хэн бэ
Чиний утасны дугаар хэд вэ” гээд л “явж өгч” байна билээ. Шинэхэн танил “сахилгагүй бүсгүй”, “панаалтай залуу” надад таалагдсан. Хөгжилтэй, цоглог хэмнэлтэй энэ гоё дуунууд удахгүй хит болно биз ээ. Гоё зүйлээр дүүрэн тоглолтын өөр нэг гоё нь хамтран тоглосон уран бүтээлчид байлаа. Тоглолтын турш вокал хийсэн эгч дүү Нандиа, Б.Баярцэцэг нарын хоолой тун сайхан хоршиж байв. Хөгжмийн найруулагч Н.Халиун тэр гуравт “Гурван галуу” гэдэг нэр хайрлаж, хамтлаг байгуулахыг санал болгосон талаар Б.Баярцэцэг дуулгасан. Амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн хөгжимчид бас саак байсан шүү.
Х.Уянга