Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулууны шавь, Морин хуурын чуулгын хөгжимчин А.Бат-Эрдэнэтэй онлайнаар холбогдлоо. Тэрбээр 2001 оноос хойш Японд амьдарч, уран бүтээлээ туурвихын зэрэгцээ морин хуурын сургалт явуулж буй юм билээ.
-Японд Монголын морин хуурч олон уу. Та аль хотод байдаг билээ?
-Би Токиод амьдардаг. Одоогийн байдлаар Японд Монголын гурван морин хуурч мэргэжлээрээ ажиллаж, сургалт явуулж байна. Япондоо анхны морин хуурын ангийг нээсэн гэж хэлж болох нэгэн хувийн сургуульд би долоо дахь жилдээ багшилж байна.
-Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн талаар япончууд хэр мэдлэгтэй байдаг юм бэ?
-Япончууд морин хуурыг сайн мэднэ. 1967 онд “Сүхийн саарал морь” гэдэг домгийг япон хэлнээ орчуулж 1969 оноос өнөө хүртэл бага сургуулийн хоёрдугаар ангийн хүүхдүүд энэ номыг уншиж байна. Тийм болохоор морин хуурыг их сонирхдог юм.
-Анх ямар зорилгоор энэ улсыг зорьсон бэ?
-Ямар нэгэн тодорхой зорилготой ирээгүй ээ. Бусад хүн юу хүсэж хилийн дээс давдаг билээ, тэдэнтэй л ижил. Энэ хугацаанд алдсан оносон олон зүйл бий. Ямар ч зорилго хоёр талтай юм шиг ээ. Хэт том зорилго тавьчихаад түүнийгээ биелүүлж чадахгүй ядаргаанд орох, эсвэл хэтэрхий амархан зорилго тавибал түүндээ эрдээд залхуурах талтай. Өөрийнх өө эзэмшсэн мэргэжилтэйгээ холбоотой бага сага зүйл хийх гэж оролдож байгаа надаас шалтгаалах, эс шалтгаалах олон зүйл байгаа тул одоогоор биелж сүйд болсон юм ховор л байна. Гэхдээ хоосон ч суугаагүй. Цаг хугацаа харуулах биз ээ.
-Та хэзээ эх нутагтаа ирэх вэ?
-Удахгүй Монголдоо оч но. Ирэх жил Морин хуурчдын олон улсын III наадам болно. Энэ наадмыг Дэлхийн морин хуурын холбоо хамтран зохион байгуулдаг юм. Би энэ байгууллагад харьяалагддаг. Садан төрөл, багш нар, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзах сайхан боломж шүү.
-Одоо ямар уран бүтээл хийж байна вэ. Энэ жилийн төлөвлөгөө...
-Миний ажилладаг компаниас олон шинэ зохиол тоглох төлөвлөгөө гаргасан тул байнгын бэлтгэлтэй байна. Арваннэгдүгээр сараас өөр хотуудад очиж, гаднын хөгжимчидтэй хамтран тоглоно. Мөн арваннэгдүгээр сарын 19-нд “Мүнатомирай” танхимд Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн уран бүтээлийн тоглолт болно. Энэ тоглолтод оролцохоор өөрт ногдсон зохиолоо бэлтгэж байгаа.
Ж.СЭЛЭНГЭ