Орчин үед хуанли буюу цаг тооны бичиг нь хүний амьдралын чухал олон үйл явдлыг эргэн сануулах дурсамж, ирээдүйн ажлаа урьдчилан төлөвлөх хэрэглээ төдийгүй айл өрх, албан байгууллагын интерьер чимэглэл болсон. Чухам энэ хэрэгцээг хангах орон орны хуанлийн үзэсгэлэн худалдаа “Интерном” их дэлгүүрт нээгдлээ. Урлагийн нэг урсгал чиглэл болтлоо хөгжсөн хуанли хэмээх бүтээлийг тун гоёмсгоор урлах чадварыг гайхалтай харуулсан дэлхийн шилдэг 100-гаад төрлийн хуанлийг энд дэлгэн тавьсан бөгөөд зураг дүрс, дизайн, хэмжээний хувьд өргөн сонголттой аж.
Та тус үзэсгэлэн худалдаанд ирснээр орчин үеийн залуусын шимтэн уншиж байгаа, Америкийн бестселлер “Бүрэнхий”, “Шинэ сар”, “Хиртэлт” зохиолоор хийсэн киноны гол баатар Роберт Паттинсон, хөгжмийн ертөнцийн хатан хаан болоод байгаа Лэди Гага мөн амьтан, ургамал, байгаль, хүний амьдралын янз бүрийн үзэгдлийг харуулсан зурагтай шинэ оны хуанлийг худалдан авах боломжтой. Өнгөрсөн баасан гаригт нээгдсэн үзэсгэлэн сарын турш үргэлжилнэ.
Г.ТЭРГЭЛ