Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавтай өчигдөр 14.50 цагт холбогдлоо. Тэрбээр жил бүр хийдэг “Миний дуунууд”
тоглолтынхоо бэлтгэл дээр байв.
-Сайн уу, Балхаа ах аа. “Миний дуунууд-2011” тоглолтын тов гарсан уу?
-Сайн байна уу. Жил бүр сонсогч олонтойгоо уран бүтээлээрээ уулздаг болоод 13 жил болжээ. Тоглолт энэ сарын 21, 22, 23-нд “UB Palace”-т болно.
-Энэ удаагийн тоглолт өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой байх вэ?
-Рок, попын бүх гавьяатууд, дуучин С.Сэрчмаа, Б.Амархүү, “Sweetymotion” хамтлагийн продюсер Б.Чинбат, “Universe best songs” уралдааны оролцогчид оролцоно. Өмнө нь цахилгаан хөгжимтэй дуулдаг байсан бол энэ жил зарим дууг симфони оркестр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний найрал хөгжимтэй дуулна.
-Ямар дууг симфони оркестр, үндэсний найрал хөгжимтэй дуулахыг сонирхож болох уу?
-“Талын монгол айл”, “Уртын дууны уянгат орон” “Ихэр саран” зэрэг дууг шинэ найруулгаар симфони оркестр, үндэсний найрал хөгжимтэй дуулахаар бэлдэж байна. Мөн гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёр ҮДБЭЧ-ын хөгжимчидтэй хамтран шинэ дуу дуулна.
-Таны уран бүтээлийг сонсохоор зорьж очсон хүмүүст сюрприз бэлдэж байгаа юу?
-Миний шинэ уран бүтээл тэр чигээрээ сюрприз байх болно. Б.Сарантуяагийн “Аргагүй монгол аялгуу”, Т.Ариунаагийн “Домгийн өглөө”, UBS телевизийн уран бүтээлчдийн бүтээж байгаа “Мартагдашгүй намар-2” киноны дуу гээд шинэ уран бүтээлүүд багтсан. Тоглолтод дуулах дууны 30-40 хувь нь шинэ
-Тоглолтын зохион байгуулалт, найруулгыг хэн хийж байна вэ?
-Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, “Хувьсал” продакшны продюсер Г.Цоггэрэл, UBS телевизийн уран бvтээл хариуцсан дэд захирал Ж.Баяр, “G-entertainment”-ын захирал Н.Ганболд нар ажиллаж байгаа. Өмнөх жилүүдийнхийгээ давсан сайхан тоглолт хийхийн төлөө л зүтгэнэ. Тоглолтын бэлтгэл 70 орчим хувьтай байна даа.
-UBS телевизийн уран бүтээлчдийн хийж байгаа “Мартагдашгүй намар-2” кино хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Зураг авалтын ажил дууссан. Одоо эвлүүлэг, дуу оруулалтын ажлаа хийж байна. Ирэх сарын дундуур нээлтээ хийнэ.
Х.УЯНГА