Өдөрт 10000 долларын цалин авдаг 16 настай охиныг “Time” сэтгүүл 1981 онд онцолж байсан юм. Тэр бол попын хааны багын найз, загвар өмсөгч, жүжигчин Брүк Шилдс. Пирс Морган түүнийг студидээ урьжээ. Тэрбээр Брүк Шилдс бол Майкл Жексоны багын найз. Попын хааныг сүүлчийн замд нь үдэх өдөр түүнд нэлээд хүнд байсан. Брүк одоо миний дэргэд сууж байна хэмээгээд ярилцлагаа эхлэв.
-Уучлаарай Брүк, Майклын үхлийн шалтгаан, түүний эмчийг шүүсэн хурал, үүнийг тойрсон янз бүрийн яриа чих дэлсэх болсон. Тэр хүнийг сайн мэддэг хүмүүсийг ч цочирдуулсан мэдээлэл гарах болж. Попын хааныг сайн мэдэх хүний хувьд таны сэтгэлийг зовоож байгаадаа хүлцэл өчье.
-Би шүүх, хуулийн хүрээнд чухам юу болсон, мөрдөн байцаах үйл явц энэ тэрийн тухай бичлэгийг огт үзээгүй. Үзэхийг ч хүсэхгүй, татгалзана. Учир нь би тэр хүний тухай элдвийн муу зүйл сонсож, сэтгэлдээ сэв суулгахыг хүсэхгүй. Бид залуудаа үерхэж байсныг та мэднэ шүү дээ. Тэр юу хүсэж, мөрөөддөг байсан хийгээд өсвөр насаа хэрхэн өнгөрүүлснийг би мэднэ. Бид бие биенээ хэрхэн том болж байгааг харсан. Тэр бол агуу хүн байсан. Бас өөрийгөө гээгээгүй, гэгээлэг яг л хүүхдээрээ байсан. Хэзээд хамгийн сайн, хамгийн гайхалтай нь, хамгийн хамгийн нь байхыг хичээсэн.
-Миний бодлоор Майкл хамгийн шилдэг нь байсан. Түүнийг оршуулах ёслолд таны хэлсэн үгийг би сайн санаж байна.
-Миний бодлоор түүнтэй эн зэрэгцэх хүн үгүй болов уу. Харин түүн шиг байхыг хүсэж, дуурайдаг хүн олон бий гэж боддог. Тэр бол давтагдашгүй нэгэн байсан. Одоо ч тийм л байгаа. Майклыг огт мэдэхгүй хэрнээ хүмүүс янз бүрээр ярьдаг.
-Майклтай өнгөрүүлсэн цаг хугацаа ахархан ч гайхалтай байсан хэмээдэг.
-Бид хоёул дэндүү эрт том хүн болсон. Гэхдээ хоёулхнаа байх үедээ их хөгжилтэй, хүүхэд шиг л байдаг.
-20 насандаа тогших ёстой хаалганы босгыг дэндүү эрт давсан хэрэг. Та хоёр балчир насандаа олонд танигдсан. Нэр алдартай байх сайхан ч бусдаас тусгаарлагдаж, ганцаардмал болдог шиг байгаа юм.
-Ганцаардмал байх нь тийм ч муу зүйл биш гэж боддог. Ер нь итгэж болох цөөхөн найзтай байсан нь дээр. Олны анхааралд байгаа хүнийг хүмүүс мэдэхгүй хэрнээ элдвээр ярьж, хувийн амьдрал руу нь өнгийдөг нь бараг зуршил болчихжээ. Би иймэрхүү асуудалтай багаасаа тулгарсан болохоор олон нийтээс хөндий байхыг эрхэмлэх болсон. Би яг л эргүүлгэнд орчихсон мэт санагддаг үе байсан шүү.
-Яг л энэ талаар асуухыг хүссэн юм. Өөрөө байхгүй болчихсон мэт байх, хаягдаж гээгдсэн юм шиг санагдаж байв уу. Танд хэн нэгэн заналхийлж байгаа мэт санагддаг уу?
-Учир нь үл мэдэгдэх сэтгэлийн дарамт, түгшүүрийг би одоо л илүү мэдэрч байна.
-Үнэхээр тийм гэж үү, яагаад?
-Баян, ядуу ямар ч орчинд өссөн бай хамаагүй хүүхэд нас өөрөө хамгийн гэгээлэг үе шүү дээ. Гудамжаар явж байхад хүмүүс гарын үсгийг минь авахыг хүсдэг байсан нь надад их зугаатай, яг л тоглож байгаа мэт санагддаг байлаа. Тэр үед хөгжилдөх, инээх үе дэндүү их байж. Гэхдээ цаг хугацаа улирч, том болохын хэрээр бид хашир болж, буурь суусан гэх үү дээ. Би их гэнэн, итгэмтгий зангаасаа болж олон асуудалтай тулгарч, хүнд хууртаж явсан. Сэтгэлийн гүнээс итгэж байсан зүйл нь хормын дотор үгүй болохыг харах амар биш. Зүрх зүсэгдэх шиг болдог. Иймэрхүү байдлаас болж гэнэн цайлган зангаа бага багаар гээж байгаагаа би мэдэрдэг юм.
-Майкл Жексон ч бас үүнийг мэдэрсэн болов уу?
-Бид энэ тухай хааяа ярилцдаг байсан. Бид зорилгодоо хүрэхийн төлөө чадлаараа зүтгэсэн. Хүн хүссэн амьдралаа бүтээдэг гэдэгтэй сүүлийн үед санал нийлдэг болсон шүү.
-Ингэхэд та үр хүүхдүүддээ нэр төрийн тухай юу гэж тайлбарладаг вэ. Хүүхдүүд тань нэр төр, алдрыг эрхэмлэгч болчих вий гэж боддог уу?
-Би тийм зүйл битгий тохиогоосой гэж бурханд залбирдаг. Гэхдээ тэд нэр төртэй болохыг хүсвэл хориглох эрх надад байхгүй.
-Таны сүүлд тоглосон “Витни Брауны сэргэн мандалт” кинонд Америкийн эдийн засгийн хямралыг харуулдаг. Сүү лийн үед санхүүгийн хямралаас болж олон хүн ажилгүй, орон гэргүй болсон.
-Эх орон нэгтнүүд маань хүнд асуудалтай тулгарсан нь сэтгэл гонсойлгосон. Уг нь ажлын байр шинээр бий болгож, тэдгээр хүнд туслах чадалтай компани, хувь хүн цөөнгүй бий ч тэд дүлий царайлаад байгаа нь хачин. Яаж тэгж хувиа бодоод байдаг юм бол гэж гайхдаг.
-Загвар өмсөгч бүсгүйч үүдийг юм ойлгохдоо муу, мэдлэг боловсролгүй хоосон толгойтой гэх нь бий. Харин та ухаантай, боловсролтой эмэгтэй.
-Магтсанд баярлалаа Пирс, юу гээч, өөрийгөө бусдаас илүүд үзэж, дөвийлгөх нь сэтгэлдээ зовлон хураахад нэмэр гэж боддог. Өрөөлийг хүндэлж сурах хэрэгтэй. Чамайг хүн үл ойшоогоод байвал бухимдахын оронд ажлаа сайн хийгээд өөрийгөө харуулах хэрэгтэй. Тэднийг анхааралгүй өөртөө л зөв байвал болох нь тэр.
-Таны хувьд гадаад төрх чухал асуудал уу?
-Гадаад төрхийг чухалчлах нь утгагүй зүйл. Тэр дундаа хариуцлагатай, удирдах албан тушаалтны толгой нь сайн ажилладаг байх л чухал. Америкчууд хамгийн эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг хэмээн бахархах хэрнээ хүнийг гадаад төрхөөр нь тохуурхах нь эрх чөлөөг уландаа гишгэж байгаагаас ялгаагүй.
-Та тайзан дээр байх дуртай юу?
-Дуртай. Тэнд байснаар би туршлага хуримтлуулж, өсөж, дэвждэг. Тийм болохоор уран бүтээл хийж, мундаг жүжигчдээр хүрээлүүлэх дур тай. Энэ утгаараа би хар тамхичин шиг болсон.