“Sweetymotion” хамтлагийн гишүүн Б.Ганболортой өчигдөр 17.30 цагт холбогдлоо
-Сайн уу, Ганболор оо. “Утас ны анд” байна. “Sweetymotion” хамтлагаар сонин юу байна вэ?
-Уран бүтээлээ хийгээд л байна. Хамгийн ойрын ажил гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ахын “Миний дуунууд-2011” тоглолтод оролцоно. Энэ тоглолтод Л.Балхжав ахын “Ганц шөнө биш” хэмээх шинэ дууг дуулахаар бэлдэж байна. Дараа нь Чинбаагийн тоглолт байгаа. Чинбаа маань “Никитон” хамтлагт даралтат хөгжимчнөөр орсноос хойш урлагт 20 жил зүтгэж байгаа шүү дээ. Энэ хугацаанд анхны бие даасан тоглолтоо хийж байгаа нь энэ. Бид Чинбаагийнхаа тоглолтод их анхаарал тавьж байгаа. “Давтагдашгүй” тоглолт нэр шигээ давтагдашгүй болно байх аа. Энэ тоглолтод Чинбаагийн зохиосон болон найруулсан дан хөгжмийн бүтээл, дуунууд эгшиглэнэ. Америкаас хоёр хөгжимчин, хөгжим тохируулагч ирнэ. “Никитон” хамтлаг анхны бүрэлдэхүүнээрээ тоглоно.
-Энэ тоглолтод “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд ямар бэлэг бэлдэж байна вэ?
-Бид дуулахаас гадна хөгжим тоглоно. Төгөлдөр хуур, хийлийн нэлээн хэдэн бүтээлийг гоцлохоор бэлдэж байна. Урьд өмнө нь харагдаж байгаагүй шинэ дүр төрх, шинэ уран бүтээлээр үзэгчдэд бэлэг барина.
-“Monsters” шоуг шүүж байгаа гэл үү?
-“Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр ах “Monsters” шоуг шүүхийг санал болгож, би саналыг нь хүлээж авсан. Шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт дууссан. Удахгүй хоёрдугаар шатны шалгаруулалт эхлэх байх. Дуучин Баттөр, гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Нааяа ах нартай хамт шүүж байгаа.
-Та нар Монголд хэр удах вэ?
-Ер нь суурин байна. Он гартал нааш цааш явахгүй, уран бүтээлээ хийнэ. Ирэх жил ч бас Монголдоо байж хийхээр төлөвлөсөн ажил их байгаа.
Х.УЯНГА