Браво, браво. Ийнхүү хашгирч, дахин дахин баяр хүргэмээр үйл явдал ХБК-ийн концертийн танхимд болсон юм. Дэлхийн хэмжээний соёл урлагийн наадам, уралдаан, үзэсгэлэнд оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдийг Засгийн газрын 120 дугаар тогтоолын дагуу шагнадаг билээ.

Энэ журмын дагуу өчигдөр ОХУ-д зохион байгуулдаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуучин Э.Амартүвшинг 52, Чех улсад болсон Косианы нэрэмжит уралдааны тэргүүн байрын эзэн ХБК-ийн сурагч Г.Чингүүн болон Францад болсон М.Магины нэ рэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны нэгдүгээр байрын эзэн ХБК-ийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарыг тус бүр 19, мөн уралдааны хоёрдугаар байрт шалгарсан Г.Болормаа, К.Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарыг тус бүр 14, гуравдугаар байрт тунаж үлдсэн “Авьяастан” төвийн сурагч Ө.Цовоог есөн сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Шагналыг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гардуулж, тив дэлхийд эх орноо мандуулаад ирсэн хүүхдүүдээр бахархаж байгаагаа илэрхийлж, урмын үг хайрласан юм. Нөр их хичээл зүтгэлийн дүнд ийм амжилтад хүрч, сая сая төгрөгтэй болсон хүүхдүүдээс “Хүүхэд насандаа саятан болоо. Хүссэн хүн бүр ийм амжилтад хүрэхгүй, сэтгэгдэл ямар байна” гэхэд “Гоё байна. Сэтгэл өндөр байна. Улам хичээх болно” хэмээн тун даруухан хариулсан. 400 гаруй жилийн түүхтэй сонгодог урлагийн ертөнцөд монголчууд хүч түрэн орж, авьяас чадвараа гайхуулсаар байгаагийн тод жишээ энэ. Уг арга хэмжээний үеэр Франц улсад сэргээн засварласан “Цогт тайж” киноны хальсыг Улсын төв архивын даргад хүлээлгэн өглөө.