Монголын үе үеийн шилдэг басс, баритон хоолойтнууд болох ардын жүжигчин Пүрэвдорж агсан, ардын жүжигчин Д.Жаргалсайхан, гавьяат жүжигчин П.Ганбат нарын дуулж амилуулсан шилдэг дуунуудыг багтаасан тоглолт ирэх сарын 4-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. “Мөнхийн дуулал” нэртэй тоглолтыг ДБЭТ-ын гоцлооч Ц.Баттөр санаачлан зохион байгуулж байгаа ба ард түмний зүрх сэтгэлд хоногшсон 18 дууг ганцаараа дуулах юм билээ.
Тэрбээр өдгөө театрынхаа бүх бүтээлд гол дүр бүтээж, амжилттай ажиллаж байгаа чадалтай дуучин. Түүний тоглолтод Т.Чимэддоржийн “Ургацын далай”, Г.Дарамзагдын “Миний эх орны өглөө”, Д.Лувсаншаравын “Хэрлэн” зэрэг мэргэжлийн дуучинд зориулсан бүтээлүүд багтаж буй. Түүнчлэн тоглолтын дундуур гурван удаа симфони найрал хөгжмийн бүтээл эгшиглэх юм билээ.
С.СЭРГЭЛЭН