Монголын хүүхдийн ордон багачуудын дуу хуураар цалгиж байна. Тайзан дээр гарах дарааллаа хүлээсэн хүүхдүүд ихэд догдолсон харагдав. Дүүргүүдээс шалгарсан 2800 гаруй хүүхэд тэнд чуулж байгаа болохоор арга ч үгүй биз. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 19 дэх уралдаан болж буй нь энэ. Нийслэлийн соёлын газраас санаачлан, Боловсролын газар, Урлагийн ажилтны холбоотой хамтарч нийслэлийн ерөнхий боловс ролын сургуулиудын найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдааныг 1993 оноос зохион байгуулсан түүхтэй.

2006 онд буюу дууны уран бүтээлийн нэрт төлөөлөгч Д.Лувсаншаравын 85 насны ойгоор уг тэмцээнийг түүний нэрэмжит болгосон аж. Сүүлийн жилүүдэд цар хүрээ нь өргөжиж буй уг уралдааны нэгдүгээр шатанд энэ жил 90 гаруй сургуулийн 10 мянга гаруй сурагч оролцож, төгсгөлийн шатанд 20 сургуулийн 2800 гаруй хүүхэд тунаж үлдээд ийнхүү өрсөлдөж байгаа юм. Тэд өнөөдөр шилдгээ шалгаруулж, гала тоглолтоо хийнэ. Найрал дууны уралдааныг 18 дахь жилдээ шүүж байгаа хөгжим судлаач Ч.Буянхишигээс цөөн асуултад хариу авлаа.
-Энэ жилийн уралдаан өмнөх жилүүдээс ямар онцлогтой байна вэ?
-Өмнөх жилүүдэд сүүлчийн шатанд 18-19 хамтлаг үлддэг байсан. Энэ жил анх удаа орон нутгаас, тодруулбал Дархан-Уул аймгаас хамтлаг ирж, 20 хамтлаг сүүлчийн шатанд өрсөлдөж байна. Сургуулийн захиргаа, дүүргийн Боловсролын газар, хэлтсийнхэн энэ уралдаанд ач холбогдол өгч, хүүхдүүдийн дуулах ур чадвар, хувцаслалт, зохион байгуулалтад анхаарсан нь харагдаж байна. Хувийн хэвшлийн сургуулиуд олноор оролцож байгаа нь сайн хэрэг.
-Хамтлагуудын ур чадвар ямар байна вэ?
-Хамтлагийн ур чадвар ямар байх нь багшаас шалтгаална шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын чадвар янз бүр байдаг. Өөрсдөө ч дуугаа сайн ойлгохгүй байгаа болов уу гэмээр багш өмнөх жилүүдэд харагддаг байсан. Энэ жил багш нарын ур чадвар их сайжирсан байна. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн дуулах чадвар сайжирч, хувцаслалт сайхан болсон байна.
-Найрал дуу хүүхдийн хүмүүжилд ямар нөлөөтэй вэ?
-Найрал дуунд хэн нэг нь гоцлохгүй, бүгд нэг хүн шиг сэтгэж, нэг хүний удирдлагаар дуулдаг болохоор хүүхдийг хамт олонч болгон хүмүүжүүлж, урлагийн мэдрэмж төлөвшүүлдэг. Тийм болохоор ерөнхий боловсролын сургуульд байнгын ажил лагаатай найрал дууны хамтлаг олон болоосой гэж боддог. “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэргэдэх “Хөх тэнгэрийн орны хүүхдүүд”, Монголын хүүхдийн орд ны найрал дууны хамтлаг зэрэг цөөхөн хамтлаг байнгын сургалт явуулдаг.
Дуулах ээлжээ хүлээж зогсоо тавдугаар сургуулийн 7а ангийн сурагч Н.Хулантай танилцлаа. Тэрбээр “Дуулах ээлжээ хүлээгээд зогсож байгаа болохоор жаахан сандарч байна. Өнгөрсөн жил манай сургуулийнхан энэ уралдаанд оролцож түрүүлсэн. Тэгэхэд их гоё байсан. Манай сургуулийн найрал дууны дугуйлан байнга хичээллэдэггүй. Тэмцээн дөхөхөөр бэлдэж байгаад ордог юм. Дугуйлан маань байнга хичээллэдэг бол гоё. Олон хүүхэд зэрэг дуулахаар их сайхан байдаг” хэмээв.
Х.УЯНГА