Арваннэгдүгээр сарын 1-нийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглээд хоёр жил болох гэж байна. Энэ өдөртэй холбогдуулан “Бодлын хулгайч” киноны уран бүтээлчид, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, дуучин Р.Номин-Эрдэнэ нар тусламж хэрэгтэй дараагийн хүмүүсээ сонгожээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 25 дугаар сургуульд том оврын автобус, хүнд өвчиндөө шаналж буй Г.Баттөр залуугийн эмчилгээний зардлыг гаргахаар болжээ.
Жүжигчин Б.Амарсайхан “Монголын түүхэнд киноны ашиг орлогоос хэдэн сая төгрөгөөр хандив, тусламжид өгч байгаагүй. “Бодлын хулгайч” кино эхний долоо хоногийн ашиг буюу 20 сая төгрөгийг “Үндэсний өгөх өдөр”-т хандивлаж байна. Эх орондоо хайртай байна гэдэг ирээдүйгээ хайрлахаас эхэлнэ. Тиймээс ирээдүй хойч болсон хүүхдүүдэд туслахаар 25 дугаар сургуулийг сонгосон” хэмээн ярилаа.
Б.АРИУН