Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч Ц.Баттөр энэ сарын 4-нд “Мөнхийн дуулал” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй өчигдөр 16.10 цагт утсаар холбогдлоо.
-Их чимээтэй байхыг бодвол симфони найрал хөгжимтэй сургуулилж байгаа юм аа даа?
-Тийм ээ. Миний тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжимчид болон найрал дуучид оролцох юм.
-Үе үеийн басс, баритон хоолойтнуудын амилуулсан алдартай дууг дээжлэн тоглолт хийх гэж байгаа гэж дууллаа. “Мөнхийн дуулал” тоглолтын үеэр ямар ямар бүтээл эгшиглэх вэ?
-Мэргэжлийн дуучинд зориулсан “Халуун элгэн нутаг”, “Ус мөрөн олон чиг” зэрэг 17 дуу багтаасан. Тоглолтын дундуур миний хоолойг амраах зорилгоор Д.Нямдаш удирдаачтай симфони найрал хөгжимчид Ж.Чулууны “Уран хас”-ын адажо, Б.Шаравын “Тэнгэрийн орон”, Л.Мөрдоржийн “Алтан өргөө” зэрэг бүтээлийг эгшиглүүлнэ.
-Энэ таны хэд дэх тоглолт вэ?
-Өмнө нь би алдартай дууриудын аригаар дагнасан, мэргэжлийн дуучинд зориулсан романсаар тус бүр нэг тоглолт хийж байсан. Мөн “Жинжиймаа” зохиолын дууны тоглолт хийсэн. Энэ бол миний тав дахь тоглолт.
-Үзэгчид энэ тоглолтоос юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?
-Эдгээр дууг дуулсан зарим дуучин хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Харин бүтээл нь мөнхөд эгшиглэж байна. Тиймээс ард түмнийхээ зүрх сэтгэлд хоногшсон дууг дахин дуулж, хөгжмийн бүх зохиолч, яруу найрагчдыг нь тоглолтдоо урьж байгаа. СУИСийн оюутан болсон цагаасаа л ийм тоглолт хийхийг мөрөөддөг байлаа.
-СУИС-д орсон цагаасаа гэхээр хэдэн жилийн өмнө билээ?
-1991 он. Намайг бага байхад л “Зулай цагаан Алтай”, “Хэрлэн” зэрэг сайхан дуунууд эгшиглэж, одоогийнхоор бол хит болж байлаа. Тиймээс 20 жилийн өмнө ийм тоглолт хийнэ гэж мөрөөдөж байсан юм.
Ж.СОЛОНГО