Охидын мөрөөдлийг биелүүлдэг “Making the band” шоуны хоёр дахь цуврал “МN- 25 дугаар суваг” телевизээр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Охидын хамтлаг “үйлдвэрлэх” үүргээ амжилттай гүйцэтгэж буй “Making the band” шоуны хоёр дахь бүтээл нь “Extacy”. Анхны клипээ үзэгчдэд хүргэсэн энэ хамтлагийг хүүхэд залуус сонирхон хүлээж авсан. Богинохон хугацаанд рок попын ерт өн цөд орж, хамтлаг, дуучин гэж хэлүүлэх хэм жээнд хүрээд байгаа азтай охидыг “Pro sounds” студид бэлтгэлээ хийж байхад нь уулзаж ярилцлаа.
Тэд хоёр дахь дуугаа бичүүлээд клипээ хийлгэх гэж байгаа аж. Хамтлагийн ахлагч Я.Байгальмаа хамгийн хөгжилтэй нь гэсэн. Тэрбээр интерьер дизайн, сэтгэл судлалын чиглэлээр сурахаар БНСУ-д хэлний бэлтгэлд сурсан. Ам бүл долоо. Хоёр ах, хоёр эгчтэй. Хөгжим сонсоод өөрийгөө олон үзэгчийн өмнө, тайзан дээр дуулж байна гэж төсөөлөн дуулдаг охин байж. Түүний компьютер дуугаар пиг дүүрэн. Эгч нар нь түүнийг “Making the band” шоунд ороод үз. Залуу хүн өөрийгөө сорих хэрэгтэй” гэж ятгасаар оруулжээ. Тэрбээр,
-Шат шатны шалгаруулалтад тэнцлээ, тэнцлээ гэсэн хариу сонсох гоё байсан. Уг нь би БНСУ юм уу АНУ-д очиж сурахаар шийдсэн байсан юм. Бүр виз маань гарчихсан байлаа. Явах хугацаа дөхөөд, би шоуныхаа шалгаруулалтад тэнцээд байхаар нь эгчээсээ “Би яах вэ, шоугаа сонгох уу, гадагшаа явах уу” гэж асуутал “Өөрөө л мэд. Энэ чиний амьдрал” гэсэн. Тэгээд би шоугаа сонгосон. Би залуу байна. Надад суралцах цаг байгаа. Бидэнд итгэж байгаа хүмүүсийн найдлагыг алдахгүйн тулд хичээж байна. Хамтлагийнхаа охидтой хамт оргилд гарахын тулд хичээж байгаа.
.jpg)
Б.Жавзандулам буюу Жасмин. Түүнийг “Extacy”-гийнхэн хамтлагийнхаа хамгийн хөөрхнөөр нэрлэсэн. Жасмин МУИС-ийн Гадаад харилцааны сургуулийн хоёрдугаар дамжаанд сурдаг. 19 настай. Ам бүл дөрөв. Тэрбээр энэ шоугаар дамжуулж дуучин болох мөрөөдөлдөө хүрнэ гэсэн итгэл дүүрэн “Making the band”-ийг зорьжээ. Тэрбээр “Making the band-1” шоуг би үздэггүй байсан. “Making the band-2”-ийн бүртгэл эхлэхэд найз нар маань намайг ор гэж зөвлөсөн. Хамтлагт шалгарч үлдсэндээ их баяртай байгаа. Эхэндээ хэцүү үе олон байсан ч бид даваад гарсан. Бэлтгэл сургуулилалтын ачааллаа даахгүй тэвчээр алдах, шантрах үед нэвтрүүлгийн багийн ах эгч нар маань зөвл өж, тусалж дэмжиж байсан. Биднийг зоригжуулах хүн олон байснаас гадна бид ч өөрсдийгөө их дайчилсан. Би багаасаа дуучин болно гэж мөрөөддөг байлаа. Энэ шоунд орсноор анхны дуугаа гаргалаа, клипээ хийлээ. Дуугаа сонсоход их гоё байсан. Өөрийнхөө дуулахыг сонсоод үүн дээр нь анхаарах ёстой байж, цаашдаа ингэвэл зүгээр юм байна гэх зүйл гардаг юм билээ” гэв.
С.Хонгорзул буюу Honey. Тэр хамтлагийнхаа хамгийн энхрийхэн нь. ШУТИС-ийн Мэдээлэл харилцааны сургуулийн хоёрдугаар курст сурдаг. Ам бүл гурвуулаа. Айлын ганц охин. Тавдугаар сургууль, ШУТИС-ийн лецей сургуульд сурч, суурь боловсрол эзэмшсэн тэрбээр багадаа ном унших дуртай, дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, загвар өмсдөг охин байжээ. Тэр “Making the band-1” шоуг үздэг байсан. Дахиж ийм шоу зохиовол орно доо гэж бодож байтал “Making the band-2” шоунд бүртгэнэ гэсэн зар явсан. Тэгээд л оролцож, шалгарч үлдээд дуучин болох гээд явж байна. Анхны дуугаа сонсож, клипээ үзэхдээ маш их баярласан. Шоунд оролцоход хэцүү зүйл байсан ч түүнийг даван туулж чадсан. Хамтлагийнхаа охидтой хоёр сар гаруй хамт амьдарч байгаа. Тал талаас ирсэн, нэгнээ мэдэхгүй найман охин нэг гэрт амьдрахад эхний үед ойлголцохгүй зүйл зөндөө байсан. Одоо бол нэгнийхээ зан араншинг таньж, нэг гэр бүл шиг болсон.
Б.Түвшинзаяа буюу Аазий. Тэр хамтлагийнхаа хамгийн ухаалаг нь. 19 настай. МУИС-ийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Зурагтныхаа дууг чангалчихаад буйдан дээрээ гараад дуулдаг байсан тэрбээр аав ээжээс зургуулаа. Ээж нь түүнийг багад орос, хятад, герман хэл сургах гэж олон сургууль сольсон гэсэн. Түүний сурсан сургууль “Гёте”, “Их засаг” лецей, “Монген” гээд л үргэлжилнэ. Аазий “Би БНХАУ-д хятад хэлний бэлтгэлд сурч байсан. Тэнд байхдаа шоуны тухай мэдээлэл авч, бүртгэл нь хэзээ эхэлж, дуусахыг нь интернэтээс харсан. Тэгээд Монголд ирснийхээ маргааш бүртгүүлсэн. Хятадад байхдаа энэ дууг ингэж дуулна гээд зөндөө бэлдсэн. Би энэ шоуг тэсэн ядан хүлээж байсан. Би багадаа ээждээ “Охин нь том болоод тайзан дээр дуулж, танаас цэцэг авахыг хүсэж байна” гэж хэлж байсан. Тэр үгэндээ хүрч, мөрөөдлөө биелүүлэхэд ойртож байгаадаа баяртай байна. Ээж маань намайг их дэмждэг” гэсэн.
Б.Ариуннаран буюу Анна. Тэр хамгийн дайчин нь. Сэлэнгэ аймгийн арван жилийн хоёрдугаар сургуулийг төгсөж, “Сити” дээд сургуулийн жүжигчний ангид элссэн тэрбээр багаасаа л их идэвхтэй, чадахгүй ч байсан юм бүрийг оролддог, сургуулиас зохиосон бүх арга хэмжээнд оролцдог хүүхэд байжээ. Сурагчдын зөвлөлийн дарга, өсвөрийн цагдаа клубийн дарга, өсвөрийн сурвалжлагч гээд л сонгуульт ажлын хажуугаар урлаг соёлын арга хэмжээг алгасахгүй гээд л гүйдэг түүнийг хүн бүр урлагийн хүн болно хэмээдэг байсан гэдэг. Тэрбээр “Энэ шоунд орсон нь миний хувьд их азтай хэрэг. Энэ олон авьяаслаг охины хөлд нь чирэгдчихгүй шиг мөр зэрэгцээд алхаж байгаадаа баяртай байна. Би жүжигчний мэргэжлээр сурч байгаа болохоор их ачаалалтай. Тийм болохоор бусад охидоо бодвол ачаалал даагаад сурчихсан. Үүгээрээ л ялгардаг. Бусдаар бол адилхан.
Зуны амралт эхлээд жаахан завтай болоод зурагт үзэж байтал “Энимон” хамтлагийн дуу гарч байсан. Тэгэхэд найз маань “MN-25 дугаар суваг телевизийн “Making the band” гэдэг шоугаар энэ охидын хамтлаг гарч ирсэн” гэж хэлсэн. Дараахан нь “Making the band-2” шоуны бүртгэл эхэллээ гэхээр нь орох уу, болих уу гэж их эргэлзсэн. Тэгээд бүртгэл дуусах өдрийнх нь орой гүйж очиж бүртгүүлсэн. Хоёр хоногийн дараа 8811-тэй дугаараас дуудлага ирж, “Making the band” шоунд тэнцлээ” гэхэд нь итгээгүй. Телевиз рүү залгаж асуутал үнэн байсан. СУИС-ийн оюутнууд, мундаг дуулдаг охин олон байсан болохоор тэдний өмнө гишгэнэ гэж бодоогүй. Өмнө нь би ганцаараа уран бүтээл хийнэ гэж боддог байсан ч хамтлагийн гишүүн болно гэж бодож байгаагүй. Хамтлагийн гишүүн болсондоо баяртай байна” гэв.
Б.Сэржмядаг буюу Сэржээ. Хамтлагийн хамгийн удаанаар шалгараад буй Сэржээ СЭЗДС-ийн нябо бүртгэлийн гуравдугаар дамжааны оюутан. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 13 дугаар сургуулийг төгссөн тэрбээр “Making the band” шоунаас төрсөн “Энимон” хамтлаг урлагийн ертөнцөд хөлөө олсон. Тийм болохоор би хоёр дахь шоунд оролцоод үзье гэж бодсон. Найзууд маань ч энэ шоунд оролцохыг санал болгосон. Монголд охидын хамтлаг цөөн. Манай шоу энэ орон зайг нөхөхөд чухал хувь нэмэр оруулж байгаа. Бид шинэлэг урсгалаар дуулдаг, өвөрмөц стиль имижтэй хамтлаг бүрдүүлж байгаадаа баяртай байна. “Extacy” хамтлагийг бүтээж байгаа төслийн хамт олондоо баярлалаа.
Э.Дөлгөөн буюу Жэйн. СУИС-ийн эстрадын дуулаачийн гуравдугаар курст сурдаг тэрбээр “Би Дорноговь аймгийнх. Ээж аав маань тэндээ амьдардаг. Ганц эрэгтэй дүүтэй. Аав маань багш, ээж хувиараа бизнес эрхэлдэг. Ганц охин нь болохоор ч юм уу миний хүсэл сонирхлыг маш их дэмждэг. Миний хамгийн том мөрөөдөл, зорилго бол дуучин болох. Намайг дуунд хайртай болгож, дуулах бүх боломжийг бүрдүүлсэн ээж аав, өвөөдөө баярладаг. Намайг энэ шоунд орооч гэсэн саналыг манай мэргэжлийн багш, гавьяат жүжигчин Ч.Насантогтох тавьсан. Би дунд сургуулиа төгс өөд аавынхаа мэргэжлийг эзэмшихээр МУБИС-д орж байлаа. Ээж маань намайг дуучин болоосой гэж хүсдэг. Тийм болохоор ээжийнхээ хүслийг, өөрийнхөө багын мөрөөдлийг биелүүлж дуучин болохоор шийдэж СУИС-д орсон. Би СУИС-д ороогүй, Ч.Насантогтох багшийнхаа шавь болоогүй байсан бол өдийд энэ шоунд оролцоод явахгүй байсан байх” хэмээсэн.
Э.Хонгорзул буюу Хонгороо. 19 настай. Түүнийг хамтлагийнхан нь хамгийн ааш муутай нь хэмээн “өхөөрдсөн”. БНХАУ-ын Бээжин хотод суралцдаг тэрбээр “Making the band” шоунд оролцох гээд сургуулиасаа чөлөө авчихсан гэсэн. Тэрбээр “Зун амралтаараа ирэхэд гэрийнхэн маань энэ шоунд ор гэж зөвлөсөн. Аав, ээжид маань “Making the band-1” шоу их таалагдаж, намайг Монголд байсан бол орох байсан юм гэж ярьдаг байсан гэнэ билээ. Дунд сургуулиа төгсөөд СУИС-д орохыг хүсэж байсан ч орж чадаагүй. Тэгээд “Урлах эрдэм” дээд сургуульд загварын чиглэлээр сурч байгаад Бээжин явсан. Би ил гаргаж хэлдэггүй ч дуучин болох, хамтлагтай болохыг нууцхан мөрөөддөг байсан. Урлагаас тэс хөндлөн мэргэжлээр суралцаад явж байсан ч энэ шоунд оролцоод явж байгаа нь миний хувь тавилан юм болов уу гэж бодож байгаа” гэсэн.
Х.УЯНГА