Гэр бүл гэж юуг хэлэх вэ? Энэ асуултад олон янзаар хариулж болно. Ураг төрлийн холбоотой гээд л эхлэх байх. Улс үндэстэн тусгай газар нутаг, хил хязгаартай байдаг шиг гэр бүлд ч өөрийн гэсэн орон зай хэрэгтэй. Монголчууд эртнээс нааш гэр бүл болохыг гал голомтоо бадраах хэмээн хүндэтгэж нэрлэж ирсэн. Орчин үед залуу гэр бүлүүдэд тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг нь орон сууц. Аавынхаа, хадмынхаа гэрээс галаа тасалж чадахгүй, түүнээсээ болж харилцаандаа ан цав үүсгэж байгаа хос цөөнгүй. “Би, чи, та”-д хаяглан бичсэн хоёр захидлыг жишээ болгон сэтгэлзүйчийн зөвлөгөөг хүргэж байна.
Бид анхнаасаа л манай аавын гэрт амьдрах учиргүй байжээ
Би нөхөртэйгээ хоёр жилийн өмнө танилцаж үерхээд, удалгүй бие давхар болсон. Нөхөртөө хайртай учраас эргэлзэлгүй хүүхдээ төрүүлэхээр шийдсэн. Хоёр гэрийнхнээ танилцуулж, нэг хэсэгтээ манайд хамт амьдрахаар боллоо. Намайг жирэмсэн байх үеэс л нөхөр, ээж хоёр таарамж муутай байх болов. Ингээд нөхөр гэртээ тогтохоо больж, хааяа юм уучихаад ирнэ. Тэр болгонд нь би бухимдаж ээжтэйгээ санал нэгтэйгээр нөхрөө “Арчаагүй, жирэмсэн эхнэрээ халамжилдаггүй” гэж загнана. Ингэх нь буруу гэдгийг би мэдэж л байсан. Аав, ээж хоёрыг ажлаар хөдөө явсан үед бол нөхөр маань гэртээ эрт ирж, бид хамтдаа хоол хийж, зурагт үзээд аз жаргалтай л байдаг. Гэсэн ч бидний аз жаргал ахархан байлаа. Ээж ирсэн, нөхөр ч гэртээ оройтож ирнэ. Ингэх бүрт нь хэрүүл болно. Шөнөжин найзуудтайгаа наргиж байгаад ирсэн нөхөр маань “Би охин та хоёртоо хайртай” гээд үнсэх гэхэд нь миний уур хүрээд ээжийнхээ өрөөнд ороод унтлаа. Тэгсэн охин уйлж, ээж уурлаад “Чи ёс төртэйгээр ирж охиныг минь аваарай, арчаагүй амьтан, зайл” гээд нөхрийг маань хөөчихсөн. Түүнээс хойш хань минь надаас зөндөө уучлалт гуйсан ч би уулзаагүй. Харин саяхан тэр маань халамцуу үедээ “Би та хоёртоо хайртай. Гэхдээ би айлын эрх танхи охинд биш өөрийнхөө хэрд таарсан бүсгүйтэй ханилах ёстой байж. Би нэг хүнтэй болсон. Хоног хоногоор түүнд дасаж байна” гэж ярьсан. Би одоо яах вэ. Нөхөр, охинтойгоо хамт аз жаргалтай амьдармаар байна. Ингээд бодохоор анхнаасаа л бид манайд амьдрах хэрэггүй байж дээ.
Ч.М 23 настай
Хамт туулсан бэрхшээл маань биднийг улам ойртуулсан
Өнөө цагт цалингаараа байр, машинтай болно гэдэг бүтэшгүй зүйл гэж би боддог байсан. Гэсэн ч гэр бүлтэй болж, хүүхдээ төрүүлсэн хойноо яаж ийгээд л өөрийн гэсэн байртай болохгүй бол асуудал улам хүндрэх юм байна гэдгийг ойлгосон доо. Эхэндээ би хадмындаа хамт амьдарсан. Тэд надад сайн хандаж байсан ч өөрийн гэр биш учраас асуудал бишгүй гарна. Өглөө ажилдаа яаран гарахдаа хувцсаа цэгцлэлгүй орхиход л хадам ээж “Эмэгтэй хүн ийм анхиагүй байдаггүй юм” гэж үглэх жишээтэй. Бидний захиалсан байр хараахан ашиглалтад ороогүй байсан ч хадам болон бидний дунд үл ойлголцол үүссэнээр бид явахаас өөр арга байгаагүй. Тэгээд манайх руу очлоо. Тэнд ч нөгөө асуудал ахиад л үргэлжиллээ. Энэ удаа би гол дүр биш нөхөр минь өрөвдөлтэй нэгэн боллоо. Болжмор хэдий жижигхэн ч бүргэдээр үүрээ засуулдаггүй гэдэг байх аа. Энэ яг үнэн үг шүү. Сайн ч муу ч өөрийнхөөрөө л амьдрах шиг сайхан зүйл үгүй ээ.
М.М 32 настай
Гэр бүл салалтын шалтгаан
Сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж байгаа тухай албаны эх сурвалжууд ярих болжээ. Тухайлбал, 2007 онд 40965 гэрлэлт, 1757 салалт бүртгэгдсэн бол 2008 онд 32982 хос гэрлэж, 1901 гэр бүл салжээ. Тэгэхээр гэрлэлтийн тоо буурч, салалт нэмэгдэж байгаа нь ямар шалтгаантай юм бол. Гэр бүл салах шалтгааныг объектив болон субьектив гэж хувааж болно. Объектив хүчин зүйл:
* Эдийн засгийн нөхцөл
*Амьжиргааны төвшин доогуур байх
*Орон байрны хангамж муу
*Гэр бүлийг төрөөс дэмжих дэмжлэг сул
*Архидалт Субьектив хүчин зүйл
*Гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа, ашиг сонирхол
*Хайр дурлал
* Нэр төр
*Гэр бүлийн дотоод эв нэгдэл суларсан
*Гэр бүлийн гишүүд харилцан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхгүй байх
*Үзэл бодол үл тохирох
* Залуу үеийг гэр бүлийн амьдралд бэлдэж чадаагүй
Гэр бүл тогтвортой байхын үндэс нь эхнэр, нөхрийн харилцаа
Гэр бүл болно гэдэг нь шинээр компани байгууллаа гэсэн үг. Хоёр хамтрагчтай байсан байгууллагын гишүүдийн тоо ирээдүйд нэмэгдэж үүсгэн байгуулагчдын хоорондын эв нэгдэл уялдаа холбооноос хөгжил, чиг хандлага нь тодорхойлогдоно. Гэр бүлийн амьдралд эхнэр нөхрийн төгс харилцаа маш чухал байдаг. Тиймээс залуу хосууд бие биеэ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч, үргэлж нээлттэй харилцаатай байх хэрэгтэй. Хосууд гэр бүл болж хоёр өөр замыг нэгтгэн нэг зам бий болгож байгаагаа мартаж болохгүй. Хамгийн чухал нь гэр бүлд тохиолдсон асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш ухаанаараа шийдэж, өөрийгөө зөв жолоодон харилцаагаа хэвээр хадгалах хэрэгтэй. Залуу гэр бүлүүд туршлага дутуугаасаа болж асуудлаа шийдвэрлэж чадалгүй хоорондоо зөрчилдөх нь бий.
Манлайллын зөрчил
Айл бүрт өрхийн тэргүүн бий. Аавын гэрээс галаа тасалж чадалгүй хамт амьдарч байгаа залуу гэр бүлүүдийн хувьд энэ нь гол асуудал байдаг. Аав, хүү хоёр өөр өөрийн үеийн үзэл бодол, хүмүүжлээр төлөвшсөн байгаа. Ёс заншил, эцэг эхийн үгийг хууль мэт дагадаг байсан үеэс энэ зууны залуусын амьдрал өөр болжээ. Тэд өөрийнхөө асуудлаа шийдэж, үзэл бодлоо илэрхийлэхийг хүснэ. Эндээс зөрчил эхтэй. Уул усны ойр нь ураг төрлийн хол нь гэж монголчууд ярьдаг. Тиймээс гэр бүл зохиож оршин тогтнохын тулд бие даан амьдрах нь хамгийн зөв шийдэл юм. Нэгэнт энэ шалтгаанаас үүдэлтэй асуудал даамжирч, гэр бүл салахдаа хүрсэн бол нөхөртөө сэтгэлээ онгойлгон нээлттэй ярилцах хэрэгтэй. Эхний захидлыг бичсэн бүсгүйн хувьд нөхөртөө тунирхаад түр зуур харилцахгүй байснаас биш салаад удаагүй бололтой. Тиймээс ярилцах боломжтой цаг хугацаа, нөхцөл байдлыг тооцоолоод уулз. Угаасаа хэн ч алдаа гаргадаг. Нэгэнт нийлүүлсэн амьдралаа салгаж охиноо өнчрүүлэх сонирхол хэн хэнд чинь байхгүй нь илэрхий. Харин дахин эхлэхдээ гурвуулаа өрх тусгаарлан амьдрахыг зөвлөе. Хэрэв та өөрт тохиолдсон бэрхшээлтэй асуудлынхаа талаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал илгээгээрэй.