Лимбэний уянгалаг бас увдистай аялгуу эгшиглэнэ. Үүнийг сонссон хүний сэтгэл баясаж, хөгжимд зүрх сэтгэлээ эзэмдүүлэх нь ямар нэгэн гайхамшигт хүчний илэрхийлэл мэт. Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартаас урсах аялгуу яг л ийм ид шидтэй байдаг тухай хүн төрөлхтөн хоёр зууны турш ам дамжин ярьсаар иржээ. Бие давхар эмэгтэй Моцартын хөгжмийг сонсвол хүүхэд нь ухаалаг болдог ч хэмээдэг. Үнэн худлыг нь хэн нэгэн нотлоогүй ч түүний бүтээлийг тоглож, сонсох гэсэн хүслийн гал унтрахгүй, улам бадарсаар. В.А.Моцартын нэрэмжит Дортмундын камерны оркестрыг үндэслэсэн удирдаач Феликс Рейманны хүсэл тэмүүлэл ч үүнээс эхтэй. Тэрбээр суут хөгжийн зохиолчийн бүтээлийг бишрэн шүтдэг төдийгүй, өөртэйгээ ижил зорилготой хөгжимчдийг нэгтгэн уран бүтээлээ туурвиж явна. “Моцарт хөгжмөө бичихдээ яг юун тухай бодож, ямар байлгахыг хүссэн бол гэж төсөөлж тоглодог” хэмээн тэрбээр догдлон ярьсан.
Удирдаач, флейтчин Феликс Рейман гурван герман хөгжимчний хамт ДБЭТ-т зочлоод буй. Тус бүртээ үүрэг хариуцлага хүлээж Хөгжим бүжгийн коллеж болон тус театрт мэргэжлийн сургалт зохион байгуулж буй хөгжимчид өөрсдийн сэтгэл зүрхний дуудлагаар бүтээсэн тоглолтоо маргааш тайзнаа амилуулна. Тэд ДБЭТ-ын найрал дуу, найрал хөгжимчид, долоон гоцлоочтой хорших юм билээ. В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ойг дэлхий даяар тэмдэглэж, Дортмундын оркестрынхон ч хэд хэдэн тоглолт хийжээ. Азидаа цөөнд тооцогдох сонгодог урлагийн театртай монголчууд ч энэ оны нэгдүгээр сарын тоглолтоо “Увдист лимбэ”-ээр эхлүүлж дэлхийн жишгээс хоцроогүй юм. 255 жилийн ойн баярын хоёр дахь бэлэг нь Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох учиртай.
Тоглолтын хөтөлбөрт “Дон Жуан” дуурийн Дон Жуаны ари, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатан хааны ари гэх мэт алдартай гоцлолыг багтаасан байна. Түүнчлэн энэ үдэш театрт зочилсон хүн бүр “Моцарт”-ыг амталж, зарим нь өмсөх боломжтой. Учир нь тус театртай хамтран ажиллаж буй “Кашмер хаус”-ынхан “Моцарт” нэртэй ноолууран хувцасны коллекц бүтээснээ энэ үдэш танилцуулж, хөгжмийн зохиолчийн алдрыг хүртсэн амтат шоколадаар зочдыг дайлах гэнэ. Шинэ коллекцийг үзэгчдэд танилцуулах загвар өмсөгч нь Дортмундын камерны оркестрын хөгжимчид. Тас хар өнгөтэй, ноолууран цамцаар гоёх хөгжимчид тайзнаас ямар мэдрэмж түгээхийг тааж үл чадна. Бас нэгэн баярт мэдээ дуулгая. Дортмундын оркестрынхон Монголыг зорин ирэхдээ Дортмунд хотын соёл урлагийн газар болон Дортмундын театрын удирдлагын илгээсэн хоёр захидлыг авчирчээ.
Захидалд ДБЭТ болон Улаанбаатар хоттой цаашид хамтран ажиллаж, ах дүү болох хүсэлтэйгээ дурджээ. Түүнчлэн энэ долоо хоногт ХБНГУын Элчин сайдын яам, ДБЭТ хамтран 2014 он хүртэл Дортмундын театртай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тиймээс цаашид сонгодог урлагийн өлгий болсон Европт ДБЭТ-ын хөгжимчид зочлон туршлага судалж, хоёр орны хамтарсан бүтээлийн цуваа тасрахгүй биз ээ. Тэр ч бүү хэл В.А.Моцартын нэгэн дуурийг 2014 онд Монголын тайзнаа шинээр амилуулахаар төлөвлөжээ.
Ж.СОЛОНГО