Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуучин хувцас “амилах” цаг

2022-06-23

Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хувцас, үнэт эдлэлд онцгойлон ач холбогдол өгч байсан үеүд бий. Жишээ нь, дундад зуунд өмсөж, зүүсэн нь нийгмийн гарал, угсаат байдлыг нь илтгэх том “гэрчилгээ” болж байв. Нөгөөтээгүүр, хувцасны гүйцэтгэсэн үүрэг түүхэн үеүдэд өөр байлаа. Хомо сапиенс бий болсон эхэн үед гаднах орчноос хамгаалах хэрэгсэл төдий байсан хувцас хэмээх зүйл хүн нийгэмшихийн хэрээр өргөн утга, агуулгатай, улам боловсронгуй болсоор энэ зуунтай золгов. Энэ хугацаанд хүн төрөлхтний хувцасны хэрэглээнд хэдэн арван метр даавуугаар оёсон даашинзнаас эхлээд алгын чинээ “өөдсөөр” хий-сэн цээживч хүртэл гойд чухалд тооцогдож байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ хэрэглээ харьцангуй “даруу” болж байгаа нь дэлхий гаргийнхны үзэл бодол, байгальдаа хандах хандлагатай холбоотой. Ялангуяа сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд минимал, асцетизм гэсэн ойлголт, ухагдахуун хувцас үйлдвэрлэл, загварын чиг хандлага, хэрэглээний соёлд баттай байр суурь эзэлсэн нь маш том ололт юм. Эдгээр нь олон улсад амьдралын хэв маягийн нэгэн хэлбэр болж, шинэ хувцас, нүсэр, овортой, хэт тансаг тавилгаас татгалзах хандлагыг бий болгосон. Тэгвэл сүүлийн үед шинэ зүйл худалдан авахаас татгалзах хөдөлгөөн олон улсад “моод” болж буйг “The Guardian” хөнджээ. Британийн загвар өмсөгчид, нэртэй влогчид, олны танил хүмүүс “Бүү худалдаж ав” хөдөлгөөнд нэгдэж, шинэ хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаас татгалзаж байна. Гол зорилго нь нэг жилийг шинэ зүйлгүйгээр өнгөрөөж, зөвхөн худалдаж авсан зүйлээ ашиглах явдал, цаашлаад үүнийг хэвшүүлэн “хөнгөн, авсаархан” амьдралыг хэвшүүлэх гэдгийг зохион байгуулагчид нь тэмдэглэжээ. Үүний хүрээнд хүмүүс сарын зарлагаа бууруулж, хямд бараа сонгон, ялангуяа хуучин хувцсаа эргэлтэд оруулах болжээ. Дундаж амьдралтай британи хүн жилд барагцаагаар 1000 гаруй фунт стерлингийг загварын салбарт “хандивладаг” гэсэн статистик судалгаа бий аж. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд хамгийн ээлгүй үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг гэсэн үг. Дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 150 тэрбум хувцас үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь нэг хүнд 20 ширхэг ногдох хэмжээ. Энэ хэрээр экологид сөрөг нөлөөтэй. Шинэ хувцас үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх бохирдол асар их. Жишээ нь ганцхан жийнсэн өмд үйлдвэрлэхэд долоо орчим литр ус зарцуулж, будах зэргээр химийн бодис хэрэглэдэг нь агаарын бохирдол бий болгож, хүлэмжийн хий ялгаруулахад хувь оруулдаг. Хувцасны үйлдвэрлэл нэн түрүүнд усны хомсдол бий болгоход нөлөөлж байгааг олон улсын судлаачид өгүүлжээ. Нөгөөтээгүүр, энэ салбарт, ялангуяа брэндүүдийн үйлдвэрлэлд буурай орны эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөдөлмөрийг мөлждөг талаарх баримт олон.

Энэ мэт болон бусад олон шалтгаанаар Барууны орнуудад хуучин хувцас өмсөх нь түгээмэл. Сая, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй хүмүүс ч ийм хандлагатай. Хоёр дахь хэрэглээ буюу хуучин хувцасны худалдаа ч сүүлийн жилүүдэд асар эрэлттэй байна. Ийм хувцасны тусгай тасаг Европын орнуудын худалдааны төвд олноор бий болжээ. Томоохон онлайн дэлгүүрүүд хүртэл хуучин бараа санал болгодог. Хүүхдүүдийг бага наснаас нь ухамсартай хэрэглээ, хямд, хуучин хувцаснаас ичихгүй байх хандлагад сургахаар хичээлийн хөтөлбөрт нь тусгаж эхэллээ. Үүний зэрэгцээ хувцас түрээслэдэг үйлчилгээ өргөжиж буй аж. Олны танил хүмүүс үүнд идэвхтэй оролцож, хувцсаа түрээслүүлдэг гэнэ. Жишээ нь, “Грэмми” шагналт, Америкийн дуучин Леон Брижес, Канадын алдарт хөтлөгч Энтони Поровски, дэлхийн мисс Оливиа Кулпо нар эл үйлчилгээнд нэгдсэн аж. Түүнчлэн Холливудын жүжигчин Жулиа Робертс “ухаалаг шоппинг” хийх дуртай бөгөөд хүүхдүүдээ ч ийм хэв маягт сургажээ. Британийн топ модель Кейт Мосс хуучны загвартай, элэгдсэн хувцсанд “нугасгүй”. Дээдсийн үдэшлэг цугларалтад Лондоны хар захаас олж авсан хуучны “от кютур” загвараар гангардаг нь түүний нэг имиж. Жүжигчин Вайнона Райдер Оскарын шагнал гардуулах ёслолд 10 ам.долларын хуучин даашинзтай ирснийг хэвлэлүүд онцолж байлаа.

Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад хэрэглээндээ хариуцлагатай хандахыг уриалах болов. Хог хаягдлыг ангилж, дахин боловсруулж, зөвхөн байгальд ээлтэй сав худалдан авч, унадаг дугуй, цахилгаан скутер, цахилгаан тээврийн хэрэгслийг түлхүү ашиглахыг хичээж байна. Ялангуяа залуу үеийнхэн хэт чамирхал, үнэтэй хувцас, хэрэглэлээс татгалзаж байна. Байгаль орчинд хариуцлагатай ийм хэрэглээг Z үеийнхэн дэмжиж буйг олон улсын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.

Тэгвэл монголчууд ч энэ тал дээр тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болж буй жишээ олон. Дэлхий нийтээрээ хэвшүүлж эхэлсэн хуучин хувцас худалдаж авдаг соёл дэлгэрчээ. Ингэснээр хуучин хувцсныхаа загварыг өөрчлөх, эсвэл эргэлтэд оруулах зэргээр “аварч” байна. Ийм хандлагыг залуу үеийнхэн, тэр дундаа 1980-аад оноос хойш төрсөн хүмүүс хэвшүүлэн, дэлгэрүүлэхээр хичээж буй нь сайшаалтай. Монголд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр 2019 онд анх үйл ажиллагаа явуулж байлаа. Дараахан нь Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг нээсэн. Сүүлийн үед хуучин хувцсаа аврах хөдөлгөөнд иргэд нэгдэж байна. Өөрийн өмсөхгүй хувцсыг бусдад бэлэглэдэг байсан бол өдгөө шинэ хувцас худалдаж авахаас илүүтэй байгаагаа тордоход анхаарах болжээ. Энэ нь нэг талаас худалдан авах чадвар муудсантай холбоотой ч нөгөө өнцгөөс харвал иргэд байгаль дэлхийгээ хайрлах ухаан, харьцангуй зөв сэтгэлгээтэй болж буйн илрэл. Хуучин хувцас биед наалдацтай гэж ахмадууд ярьдаг. Энэ бол амьдралын туршлага төдий зүйл биш, хүрээлэн буй орчноо хайрлан дээдлэх ухаан ажээ.

Хувцасны түүх судлаач Женифер Ли Зотт “Секондхэнд (second hand) загварын түүх ба альтенатив эдийн засаг” номдоо “Дээхнэ үед элэгдсэн даашинзаараа охиндоо хормогч хийж өгдөг байв. Тэр нь урагдаж, элэгдвэл буйдангийнхаа дэрийг “шинэчилнэ”. Гэхдээ XIX зуунаас хүмүүсийн ийм арвич байдал үгүй болсон нь хот суурин газрууд тэлж, аж үйлдвэрийн хувьсгал эхэлж, хэрэглээний зүйлсийг үй олноор үйлдвэрлэх боломж нээгдсэн. Хувцас хямдрах тутам түүнийг нэг удаагийн хэрэглээ гэж үздэг хүний тоо нэмэгдсэн хэрэг. Хотын хүн ам өсөхийн хэрээр амьдрах талбайн хэмжээ багасаж, илүү зүйлээ шууд хаядаг болжээ. Ийм нөхцөлд ломбард болон хуучин барааны дэлгүүрүүд үүссэн. Эхэндээ танихгүй хүний өмсөж байсан хувцсыг эдлэх нь туйлын ичгэвтэр санагддаг. Үүнийг ядуурлын тэмдэг гэж үзэхийн сацуу хуучин хувцасны дэлгүүрийн эзнийг дорд үзэх хандлага байлаа. Америкт комиссын барааг голдуу еврей цагаачид худалддаг байжээ. Гэхдээ хуучин хувцасны худалдааг муу зүйл биш гэдгийг “The Salvation аrmy” зэрэг шашны байгууллагынхан дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн түүхтэй. Тэд хуучин хувцас худалдаж олсон мөнгөөрөө сурталчилгаа хийх буюу сайн мэдээ түгээдэг байв. Энэ салбар өргөжихийн сацуу “хогийн дэлгүүр” гэдэг байсан нэр нь ч өөрчлөгдөж, “хэмнэлтийн дэлгүүр” гэх болжээ. Аажмаар хүмүүсийн бодол, сэтгэлгээ ч өөрчлөгдөв. 1980-1990 онд Европ, Америкт хиппи соёлын хөдөлгөөн өрнөж, залуус өөрийгөө илэрхийлэх шинэ арга зам хайхад секондхэнд ихээхэн дэлгэрсэн түүхтэй. Үүнд шүтээн болж байсан дуучин, жүжигчин, урлагийнхан чухал үүрэг гүйцэтгэсэн” гэсэн байна.