МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ Тайваньд гурван жил амьдраад саяхан эх орондоо иржээ. Цэнгүүн, тоглолт хааяахан
хөтөлж, ДБЭТ-ын 49 дэх үзвэрийн нээлтэд оролцсоноор олны анхааралд эргэн өртөх болсон нэвтрүүлэгч бүсгүй BMW X5 унадаг аж. Энэ машины ерөнхий загварыг 1990 онд АНУ-ын дизайнер Крис Бенгле гаргасан юм билээ. Түүнээс хойш есөн жилийн турш судалгаа, шинжилгээ хийснээр 1999 онд анхны загвараа бүтээж, 2000 онд худалдаанд гарсан байна. 4,8 литрийн багтаамжтай, найман цилиндртэй, 355 морины хүчтэй хөдөлгүүр нь гурван өөр буюу автомат, механик, спорт төвшинд ажилладаг.
Жолооны хүрдэн дээрээсээ ТВ, радио болон утасны дуу чангалах, хаах, суваг солих зэрэг үйлдлийг хийж болдог. Х5 нь ксенон гэрэлтэй ба машины автомат гэрлийг асааснаар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гаднах гэрэл орчноо өөрөө мэдрэн тодорч, бүдгэрч асахаас гадна, жолооны хүрдийг эргүүлэхэд гэрэл нь ижил өнцгөөр эргэж байдаг давуу талтай. Нэвтрүүлэгч бүсгүйн сонгосон төмөр хөлгийг түүний найз нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ч бас уна даг юм.
BMW X5 нь 2000 онд “Хамгийн аюулгүй автомашин”, 2001 онд “Австралийн шилдэг люкс ангиллын жийп автомашин”, 2002 онд “SUV ангиллын шилдэг люкс автомашин”, 2005 онд “Дэлхийн хамгийн шилдэг аюулгүй автомашины таван од”, 2006 онд SUV ангиллын хамгийн эрэлттэй автомашин өргөмжлөл хүртэж байжээ.
Ж.СОЛОНГО