“Харанга” хамтлаг Улсын драмын эрдмийн театрын байранд 1989 оны аравдугаар сарын 26-нд байгуулагдаж байжээ. Тухайн үед хамтлагтаа нэр өгч ч амжаагүй байсан учраас УДЭТ болон ҮДБЭЧ-ын уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж 22 жил дуудуулж яваа “Харанга” гэдэг нэрээ олсон түүхтэй.
Энэ жил Монголд мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж, хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа учраас тус хамтлагийнхан төрсөн бууриа эргэж тоглолт хийхээр болжээ. 1989 онд тэд анхны тоглолтоо “Амьдрал” нэртэйгээр хийж байсан бол энэ удаагийн тоглолтоо ч ийн нэрлэжээ.
“Шүүдэрцэцэг”, “Амьдрал”, “Хуучны пянз”, “Гачлан”, “Найм дахь гариг”, “Рок бидний хүслэн” зэрэг анхны хит дуунуудаас нь бүрдэх “Амьдрал” тоглолтын тасалбар 80, 100 мянган төгрөгийн үнэтэй. 400 гаруй хүний суудалтай УДЭТ-т, ганцхан удаа болох “Харанга” хамтлагийн 14 дэх тоглолт энэ сарын 10-нд товлогджээ.
Ж.СЭЛЭНГЭ