ОХУ-ын “Премьер-министр” хамтлагийн дуучин Б.Амархүү сүүлийн үед гэр амьтай болоод байгаа. Нутаг усаа санасан уу сав л хийвэл Монголд ирж, урлагийн бараг бүхий л төрлөөр хүч сорьж байна. “Татар ажиллагаа” кинонд тоглосныг нь хараад мэргэжилтнүүд жүжиглэх авьяастайг нь гайхаж байсан нь саяхан. Тэгвэл Б.Амархүү дахин нэг кинонд тоглож эхлээд байна.
Хип хоп дуучин B.A.T-гийн найруулсан “Big fish” киноны гол дүрийг тэр бүтээж байгаа бөгөөд зураг авалт бараг дуусаад байгаа гэнэ. ОХУ-ын “FBI music” цахим сэтгүүлийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө Б.Амархүү “Манай найруулагч олон жил Англи, Америкт амьдарсан болохоор яг л барууны адал явдалт тулаантай кино шиг хийж байгаа. Хөзөр, мөнгө, зодоон, буу зэвсэг гээд бүх юм бий. Монголд ийм сүртэй кино хийж байгаагүй. Америк оператортой, орос, буриад, монгол жүжигчидтэй гээд үнэхээр даяарчлагдсан бүтээл болж байгаа.
Америк оператор маань миний дуунд клип хийж өгөх санал тавьсан шүү” хэмээн ярьжээ. “Big Fish” кинонд Б.Амархүү алуурчны гарт орсон үзэсгэлэнт бүсгүйг аварч байгаа цагдаагийн дүрд тоглож байгаа болохоор хайр дурлалын үзэгдэл ч гарах юм байна. “Big fish” монгол, орос хэлээр гарах бөгөөд нээлтээ 2012 оны есдүгээр сард хийхээр төлөвлөжээ.
М.СУГАРАА