Ирэх жил билгийн тооллоор луу жил гарах учраас хятадууд бэлгэшээж, эртнээс баярын ёслолдоо бэлтгэж эхэлжээ. Лууг эртнээс шүтэж ирсэн тэд уг амьтны дүрс бүхий бэлэг дурсгалын зүйл худалдан авах нь ихэссэн бөгөөд Тайваний уран бүтээлч 56 настай Чэн Фон Шин луугийн хамгийн жижиг баримал бүтээснээ дэлгэв. Түүний урласан луу ердөө 1.3 см өндөр. Чэн эл бүтээлээ гурван сарын турш урласан тухайгаа “Луугийн зогдор, сахал, хурууг хийхэд ихэнх цагаа зарцуулсан. Нэг л алдаа гаргавал дахин эхлэх болдог байлаа” хэмээн ярьжээ. Тэрбээр уг баримлыг үзэхэд зориулан томруулдаг шил бүхий дуранг хувийн музейдээ байрлуулжээ.