Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн багш М.Найдалмаа арваннэгдүгээр сарын 7-нд буюу Октябрын баярын өдөр мэндэлжээ. Монголд төрөөгүй ч зүрх сэтгэлээрээ энэ нутагт идээшин дасаж, олон аавын хөвг үүд, охидыг дуурийн урлагт дурлуулж, хүсэл мөрөөдлийн жигүүр ургуулж өгдөг буянтан нь энэ хүн. Шавь нар нь багшийгаа хэдэн нас хүрч байгааг хэлэхийг хүсээгүй ч 1960 онд Улаан-Үдийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн тусгай сургуулийг төгсөж театрт ажиллаж эхэлсэн хүн өдгөө 70 нас хол гарсан нь ойлгомжтой. Тэрбээр 2008 онд төрсөн өдрийн баяраараа “Хан шувуу” тоглолтоо хийхдээ “Хэдэн жилийн өмнө 70 хүрсэн” хэмээн дурсаж байсан.
М.Найдалмаа багш одоо ч сургуульдаа багшилсан хэвээр. Түүний шавь ДБЭТ-ын гоцлооч Б.Эрдэнэтуяа “Намайг дуучин болох хүсэл тэмүүлэлтэй болгож, дуурийн урлагт дурлуулсан хүн нь М.Найдалмаа багш. Багшийн минь амилуулсан Эрвээхэй хатагтай үнэхээр гайхалтай. Тэгээд ч миний багш хүүхдүүдэд хэрэгтэй ухааныг сургаж, урамшуулж, урагшлах тэмүүлэлтэй болгодог хүн” хэмээсэн. Энэ хүн бол Монголын хамгийн анхны Чио Чио Сан. Түүнчлэн гавьяат жүжигчин Л.Сүрэнхорлоо гуай түүнд л “Учиртай гурван толгой” дуурийнхаа Хоролмаагийн дүрийг өвлүүлсэн түүхтэй. Өчигдөр М.Найдалмаа багшийн үе үеийн шавь нар цугларч төрсөн өдрийн баяр хүргэжээ. Түүний уран бүтээлийг бишрэн сонсдог болон бэлдэж сургасан олон шавь нарынх нь дуу хуураар цэнгэж яваа Монголын ард түмний нэрийн өмнөөс мөрөөдөл “ургуулдаг” багшид төрсөн өдрийн мэнд хүргэе.