Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгэн зэрэг эхлүүлэхгүй”

2022-07-26

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотод замын түгжрэл эрс нэмэгдэн, тэг зогсоход хүрдэг. Уг нь нийслэлийн удирдлагын зүгээс түгжрэлийг бууруулна гэж байнга шахам ярьж буй ч дорвитой шийдэл олж чадахгүй байсаар ирэх намартай золгох нь. Тиймээс түгжрэлийг бага зэрэг сааруулахын тулд хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өөрчлөх талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үүний талаар “Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд нэгэн зэрэг эхлүүлэхгүй. Харин үе шаттайгаар эхлүүлэхээр зохион байгуулалт хийж байна” хэмээн мэдээлсэн юм. Үүний дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээл эхлүүлэх хугацааг өөрчлөх санал боловсруулах бөгөөд Засгийн газрын ирэх сарын 10-ны хуралдаанаар танилцуулан, шийдвэрлүүлэх аж.

Жил бүрийн намар үүсдэг бас нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ байдаг. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 34 000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Бас сургуулиудын хүрэлцээ ч тааруу бөгөөд зарим нь гурван ээлжээр хичээллэсэн. Ирэх хичээлийн жил гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхдүүдийг сугалаагаар элсүүлдэг байдлыг хална гэж Засгийн газраас амласан. Түүнчлэн сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн удаатай. Үүний хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлж байгаа талаар салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Ирэх намар гэхэд 22 565 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломж одоогоор бүрдүүлснийг тэрбээр онцолсон. Хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, зарим барилгыг түрээслэн, эсвэл улс худалдан авч, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг арга хэмжээ авснаар хүртээмжийг нэмэгдүүлж буй аж. Цэцэрлэгт хамруулах хүүхдүүдийг ирэх сарын эхний долоо хоногт бүртгэхээр болжээ. Ингэхдээ өмнөх жилүүдийнх шиг эцэг, эхчүүдийг цэцэрлэгийн гадна дугаарлуулахгүй, “E-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн платформоор бүртгэх үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгчээ.

2022-2023 оны хичээлийн жилд 12 сургууль гурван ээлжээр хичээллэх магадлалтай аж. Тэдгээрийн ачааллыг бууруулахын тулд барилгын ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрсэн сургуулиудыг ирэх сарын 25-ны дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн бүх шатны боловсролын байгууллагын засварыг дээр дурдсан хугацаанаас өмнө дуусгах гэнэ.