Монголын урлагийнхан олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Засгийн газрын тогтоолоор амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал гардуулдаг болсноос хойш энэ нь улам ч нэмэгдсэн. Өнгөрсөн жил БНХАУ-ын Уханьд болсон Олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс Монголын үндэсний циркийн жүжигчид мөнгөн арслан цом хүртэж, дараа нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас Э.Амартүвшин мөнгөн медальтай ирсэн.
Өмнө нь уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тогтоолын дагуу жилдээ нэг л хүнд урамшуулал олгодог байсан бол 2011 оны есдүгээр сарын байдлаар хоёр ч тогтоол гаргачихаад байгаа юм билээ. Түүнчлэн өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 1-нд БНХАУ-ын Учао хотноо болсон олон улсын циркчдийн тэмцээнээс “X Roses” студийн уран нугараачид дахин хүрэл арслан цом хүртжээ. Эл тэмцээнд 23 орны циркчид оролцсон байна. Тиймээс БСШУ-ны сайд дахин тогтоол гаргаж тэднийг урамшуулахаар болжээ.
БНХАУ-ын Ухань, Учаод ээлжлэн болдог Олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс анх 1989 онд эрэгтэй нугараач Д.Одгэрэл сандалтай нугаралтаар хүрэл цом авч байсан ба үүнээс хойш монголчууд оролцох бүртээ мөнгө, хүрэл цом хүртдэг болсон. Дашрамд дуулгахад, Бельгийн Намур хотноо өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 6-нд болсон олон улсын урлагийн наадамд Монголын уран нугараачид амжилттай оролцож, мөнгөн дун шагнал хүртсэн. Наадамд Франц, Итали, Орос, Испанийн 27 жүжигчин оролцсоноос Оросын шидэх банзнаас үсрэгчид түрүүлжээ.
Ж.СЭЛЭНГЭ