Бүх ард түмний спортын XV наадам үргэлжилж байна. Сонсголгүй иргэдийн ширээний теннисний тэмцээнийг тус наадмын хөтөлбөрт анх удаа багтааж, өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. Үүнд 21 аймаг, есөн дүүргээс 29 тамирчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Түвшинсанаа (Баянгол), эмэгтэйчүүдээс Б.Намуунбайгаль (Чингэлтэй дүүрэг) аварга боллоо. Байгууллагын дүнгээр Гавьяат дасгалжуулагч Т.Мэргэний удирдлагад оролцсон Баянгол дүүргийнхэн түрүүлж, С.Галбадрах дасгалжуулагчтай Чингэлтэйн тамирчид удаалав. Тоглолтын ерөнхий шүүгчээр Монголын ширээний теннисний холбооны олон улсын шүүгч Д.Түмэн-Өлзий, ширээний шүүгчээр Х.Дамдинбаяр, К.Оюунчимэг, дохионы хэлний орчуулагчаар Б.Юмжирдулам нар ажиллажээ.