Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

 Хэнийг ч үл ялгаварлах хандлага хүрээгээ тэлж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Монгол абилимп–2022” мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа.

МАК компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумд 960 хүүхдийн бүрэн дунд сургуулийн барилга барьж, ашиглалтад оруулснаа өнгөрсөн баасан гарагт улсад хүлээлгэн өглөө. Тус сургуулийн барилга дөрвөн давхар аж. Бас цахилгаан шаттай гэнэ. Учир нь уг сургуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй нэг сурагч суралцах бөгөөд түүнд зориулан барилгын зургаа бага зэрэг өөрчлөн, цахилгаан шаттай болгожээ.

Саяхан болсон өөр нэгэн явдлын талаар дурдъя. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлэгт аутизмтай хүүхэд элсэн оржээ. Ингээд эцэг, эхийн эхний хурлаар нөгөө хүүхдийн асран хамгаалагч өглөө эрт босоход хүндрэлтэй байдаг талаар нь ээж, аавуудад хэлж л дээ. Харин бусад ээж, аав дуу нэгтэйгээр хүүхдүүдийнхээ хичээлийг өглөө биш, өдөр оруулъя гэж санал гаргажээ. Одоо тус сургуулийн нэгдүгээр ангийн бүх бүлгээс ганц тэр ангийн хичээл нь өдөр ордог гэнэ. Бүх хүүхэд адил, тэгш эрхтэй байж, бусдын төлөө гэх хайрыг үрсдээ үлгэрлэж буй тэдгээр ээж, аав, асран хамгаалагч, сургуулийн захиргаа, багш, хамт олонд талархсан үгс өнөөдөр ч нийгмийн сүлжээнд хөвөрч байна.

Бас нэгэн жишээ. Дотуур хувцас үйлдвэрлэгч үндэсний нэгэн компанийн сурталчилгааны зураг ойрын үед олны анхаарал татав. Монголын загварын ертөнцийн нүүр царай болсон моделиудтай хамт тулгуур эрхтний бэрхшээлтэй бүсгүй тансаг зэрэглэлийн тус бүтээгдэхүүнийг сурталчилж, чимсэн нь талархал хүлээсэн хэрэг. Хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйгээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг тэр зураг өгүүлнэ.

Энэ бол сайн жишиг, зөв хандлага. Манай нийгэм хэнийг ч ялгаварладаггүй, бүгдэд тэгш үйлчилдэг, хүртээмжтэй байх хандлага бага багаар хүрээгээ тэлж байна. Эхэнд өгүүлсэн үйл явдлууд энэ л ойлголтыг бүх нийтэд түүчээлснээрээ эхнийх биш, бас сүүлчийнх ч биш. Ирээдүйд илүү олон эерэг өөрчлөлт гарч, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг цогцлоох биз ээ. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “тахир дутуу” хэмээн тодорхойлж, зөрж өнгөрөх төдийд эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, гадуурхдаг байсан нь тийм ч холын түүх биш. Харин өнөөдөр тэднийг нийгмийн бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломж бүрдүүлэх ёстойг хаана хаанаа ойлгож, хэн хүнгүй хувь нэмрээ оруулан, бодит үйлдэл, үр дүн гаргаж байгаагийн нэгээхэн жишээ нь энэ. Эсрэгээрээ хөгжлийн бэрхшээл, нас, хүйс, харагдах байдлаас нь авхуулаад ялгаварлаж, дорд үзсэн үйлдэл гаргасан нэгнийг үл хүлээн зөвшөөрөх хандлага хүчээ авч буй гэхэд болно. Юутай ч албархаж хэлбэл, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад чиглэсэн төрийн бодлого, хуулийн хэрэгжилт чамлахааргүй, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна.

Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод 2009 онд нэгдэн орж, соёрхон баталсан. Үүний дагуу үндэсний хэмжээнд конвенцтой уялдуулан 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, 2017 онд Засгийн газрын 321 дүгээр тогтоолоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлан, 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг (Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг) байгуулан ажиллаж байна. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл боловсруулж буй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эдийн засаг, нийгэм, улс төр, эрүүл мэндийн онцлог хэрэгцээг тусгасан, оролцоог нь хангах, дэмжихэд чиглэсэн салбар хоорондын хууль, эрх зүйн актууд ч бий. Эдгээрээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд чиглэсэн нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр юм. Үүнийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэв.

Сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны алба хаагч нарт дохионы хэлний анхан шатны мэдлэг олгов.

Энэ хугацаанд шинээр барьж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй байлгах шаардлага тавьж, дэд бүтцийг нь бүрдүүлж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад тэдэнд зориулсан хэрэглэгдэхүүн бүхий танхим тохижуулж, тэгш хамран сургах боломж бүрдүүлсээр байна. Зөвхөн сургууль, цэцэрлэг гэлтгүй, бүх төрлийн барилга барих зөвшөөрөл олгох, хүлээн авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийг хангасан, эсэхийг шалгах хяналтын хуудас бий болгохоор Барилга, хот байгуулуулалтын яам болон Барилгын хөгжлийн төв, энэ чиглэлээр дагнан ажилладаг “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-тай хамтран ажиллаж байгаа билээ. Одоогоор уг гарын авлагыг боловсруулах ажлыг дээрх төрийн бус байгууллага хариуцан ажиллаж байгаа юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүргэх үйлчилгээг ойртуулж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, бүх шатны сонгуульд саадгүй оролцох боломж, нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор тэдний улс төрийн эрхийг хангахад чиглэсэн зөвлөмжийг Япон Улсын туршлагад тулгуурлан боловсруулсан билээ. Зөвлөмжөө сонгуулийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулдаг байгууллагад хүргүүлжээ. Өнгөрсөн сонгуулиудаар ч энэ чиглэлд ахиц, дэвшил гарч буй нь санал өгөх байрны орчин, нөхцөлөөс ажиглагдаж байлаа.

Хамгийн гол нь иргэд, олон нийтийн зүгээс үүнийг шаардаж, саарыг нь шүүмжилж, сайныг нь сайшаан, урам, дэм өгч байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орчин, нөхцөл бүрдүүлэхэд тустай. Мэдээж төр, засгийн зүгээс тодорхой арга хэмжээг шат дараатай авч, бодлогоо хэрэгжүүлж буй. Холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд салбар бүрийн оролцоо чухал болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир онцолсон. Үнэхээр ч аливаа эерэг хандлага, ойлголтыг бий болгох нь өнөөдөр ажиллаад, маргааш үр дүн нь гарах амар хэрэг биш. Тиймээс бүх талын хүчин чармайлт, идэвх зүтгэл, тасралтгүй үйл ажиллагааны эцэст урт хугацаанд бий болох эерэг өөрчлөлтийн суурь нэгэнт бүрэлдэж, үр дүн нь эхнээсээ мэдрэгдэж байгаа тул хүрсэн амжилтаа тордож, ахиулах нь чухал. Үүний тулд нийгмээ хүртээмжтэй болгох алхмыг төр, хувийн хэвшил, иргэд, олон нийт гээд тал бүрийн дэмжлэгтэйгээр тасралтгүй хэрэгжүүлэх хэрэгтэй.