Монгол Улсад мэргэжлийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ойд зориулж орон нутгийн театр, чуулгуудын уран бүтээлчид энэ сарын 11-13-нд “Хамаг Монголын дуулал” шилдэг бүтээлийн нэгдсэн тоглолтоо толилуулав. Тоглолтод 21 аймгийн Хөгжимт драмын театр, чуулгын 260 гаруй уран бүтээлч оролцлоо. Эцэг театрынхаа 80 насны ойд хүндэтгэл үзүүлэх, хийж туурвисан уран бүтээлээ нийслэлчүүдэд толилуулах ховор завшааныг орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчид зүгээр нэг ор нэр төдий өнгөрөөхийг хүсээгүй нь илт.
Хөдөөгийн уран бүтээлчид бэлэн хоол сэрээдэж, гар хумхин суугаагүй гэдгээ энэ тоглолтоороо харууллаа. “Хамаг Монголын дуулал” тоглолтод багтсан үзүүлбэрийн 80 орчим хувь нь орон нутгийн театр, чуулгын уран бүтээлчдийн бодож сэтгэсэн, дэглэж найруулсан бүтээл байв. Тэдний бүтээлд нутаг орны онцлог, хүний зоны амьдралын хэв маяг туссан нь үзүүштэй, сонирхолтой байлаа. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Цаатны тосгонд” бүжгээрээ үзэгчдийг тайгад аваачиж, цаатан түмний амьдралтай танилцуулсан бол Баянхонгор аймгийн С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрынхны “Говийн амь” бүжиг гүрвэл мөлхөж, царцаа дэвхрэг шаагисан ангамал говьд үзэгчдийг хэсэгхэн саатуулсан.
Мөн Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын уран бүтээлчид “Боржигон түмний дуулал” дуу, бүжиг, хөгжмийн цоморлигоо өргөж, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрынхан “Домгийн цэнхэр Дарьганга”-аа толилуулав. Орон нутгийн уран бүтээлчид шинэ соргог зүйл хийхээр эрэлхийлж буй нь Дорноговь аймгийн ноён хутагт Данзан равжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчдийн “Хүйн холбоо”, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрынхны “Говийн амь” бүжгээс анзаарагдлаа. Завхан аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн хошин маягаар найруулсан “Дүвчин унзад” монгол ардын дуу, Орхон аймгийн “Эрдэнэт” чуулгынхны “Үе тэнгийнхэн” хүүхдэд зориулсан бүжиг үзэгчдийг хөгжөөж, энэ тоглолтын шигтгээ болов.
Дундговь аймгийн “Төв халхын дуулал” театр, Увс аймгийн “Ойрад” театрын уран бүтээлчдийн үзүүлбэр, Төв аймгийн Монгол туургатан театрын ардын найрал хөгжим, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын бүжигчдийн “Ташуурт”, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрынхны “Товшуурт” бүжиг үзэгчдийн талархлыг хүлээсэн. Театр, чуулгууд 2-3 үзүүлбэр үзүүлсэн болохоор тоглолт нэлээд сунжирч, гурван цаг гаруй үргэлжилсэн ч үзэгчид чилж уйдсан шинжгүй байв. Тоглолтыг цагт нь багтаах гэсэндээ эхний уран бүтээлчид үзүүлбэрээ гүйцэд дуусгаагүй, ёсолж амжаагүй байхад дараагийн үзүүлбэрийг тайзнаа гаргаад байсныг эс тооцвол “Хамаг Монголын дуулал” тоглолт сайхан боллоо. Орон нутгийн театр гэж хөггүй хөгжимтэй, хүн дуурайж дуулдаг хэдэн дуучинтай, дорвитой уран бүтээл хийдэггүй газар байдаг гэх ойлголтыг халах цаг болжээ.
Х.УЯНГА