Энэ оны наймдугаар сарын 11-нд ОХУ-ын Тувагийн ерөнхийлөгч Шолбан КараОолын тушаалаар “Мен-тыва мен” буюу “Би тува хүн” дууг Тувагийн төрийн дуулал болгон зарласан билээ. Энэхүү шинэ төрийн дууллыг нь Монголын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тувачууд зохиожээ. Үгийг Б.Өөхий, аяыг О.Гантөмөр зохиосон бөгөөд тэдэнд Тувагийн соёлын гавьяат зүтгэлтэн цол олгож, манай хоёр дууныхаа зохиогчийн эрхээс татгалзсан юм. Гэвч Тувагийн урлаг соёлын зүтгэлтнүүд монгол дууг сүлд дуу болгосныг эсэргүүцэн, Ерөнхийлөгч Д.Медведевт ханджээ.
Тэд Тувагийн шинэ төрийн дуулал нь иргэдийн эрхийг зөрчсөн хэмээж, Туваг Оросын нэгэн хэсэг гэдгийг огт дурдаагүй байна гэж шүүмжилсэн байна. ОХУ-ын гавьяат жүжигчин Сиин-оол Оюн, Тувагийн соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сергей Бадыраа, Мерген-оол Нурсат нар Кызыль хотын Аратын (Ард) талбайд эсэргүүцлийн жагсаал хийхээр хотын даргад хоёр ч удаа хүсэлт гаргаад татгалзсан хариу авчээ. Харин эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт хандан, Тувагийн төрийн дууллыг шинэчлэн батлахад ОХУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн явдал олон гарсан гэж мэдэгджээ. Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас тэдний хүсэлтийг Орон нутгийн хөгжлийн яам болон Тувагийн прокурорын газарт шалгуулахаар өгсөн гэсэн хариу ирж.
Харин Тувагийн прокурорын газраас хууль зөрчсөн зүйл алга гэж энэ сарын 11-нд мэдэгдсэн байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын ярьж буйгаар Тувагийн Засгийн газраас энэ оны зургадугаар сарын 14-нд гаргасан “Тувагийн шинэ төрийн дууллын үг, аяыг сонгон шалгаруулах уралдаан зарлах тухай” тушаалыг анхааралтай уншихад Засгийн газар хууль зөрчсөн нь харагдана гэж үзэж буй. Цэнгэлийн тувачууд олон улсын ямар баримт бичигт тулгуурлан гадаад орны төрийн дуулал зохиох уралдаанд оролцсон бэ гэж тэд асуугаад, энэ нь монголчууд ОХУ, тэр дундаа Тувагийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж дүгнэжээ.
Наймдугаар сарын 11-нд манай депутатууд монгол дууг сонгохдоо “тувачуудад яг тохирсон дуу”, “хаана ч дуулагддаг алдартай”, “үүнээс илүү дуу байхгүй” гэх зэрэг сэтгэл хөдлөлөөр хандсан нь улсын чухал асуудал ярьж байгаа биш, жирийн нэг уран зохиолын уралдаан мэт хандсан. Харин бид Үндсэн хуулийн дагуу эсэргүүцлээ үргэлжлүүлэх болно гэж тэд ярьж байна. Тувагийн Үндсэн хуульд “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Тувагийн иргэд шашин шүтлэг, яс үндэс, хэл соёл, нийгмийн байдал, гарал үүслээс хамаарахгүй тэгш эрхтэй. Тувагийн нутаг дэвсгэрт иргэдийн нийгмийн байдал, яс үндэс, шашин шүтлэгээр ялгаварлан үзэхийг хориглоно гэж заасан байдаг бол шинэ төрийн дуулалд “Би тува” гэх зэргээр ганцхан ястан, нэг шашин шүтлэгийг л магтан дуулсан байна. Ингэснээр тувачуудын хууль ёсны эрх зөрчигдсөн хэмээн үзэж байна гэлээ.
Мөн байгуулагдаад 90 жил болохдоо Тува улс төрийн дуулал зохиочихоор ганц ч хөгжмийн зохиолч, яруу найрагч төрүүлж чадаагүй гэж үү хэмээн халагласан байна.
М.СУГАРАА