Хиймэл оюун ухаан (ХОУ) нь компьютерын шинжлэх ухааны салбар бөгөөд компьютерын программ хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг загварчилж дуурайлгасан, хүний бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай болохыг зорьсон технологийн төрөл юм. ХОУ-ны хөгжлийн эхэн үед үүнийг хүн төрөлхтөн робот, компьютерын тоглоомоор төсөөлж байсан ба эдгээр нь зөвхөн урьдчилан төлөвлөн зохиосон алгоритмын дарааллаар ажилладаг байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа эрдэмтэд оюун ухааны машиныг зохиохоор ажиллаж эхэлсэн түүхтэй.
Английн суут математикч Алан Тюринг 1947 онд энэхүү оюун ухааны машины ажиллах онолын үндэслэлийг анх удаа дэвшүүлжээ. Машин бүтээхээс илүү компьютерын программын аргаар асуудлыг шийдэх нь түүний гол санаа юм. Ташрамд хэлэхэд, Алан Тюринг нь орчин үеийн компьютерын шинжлэх ухааны онолын үндэслэгч, хиймэл оюун ухааны эцэг гэж зүй ёсоор тооцогддог. BBC түүнийг 20 дугаар зууны гарамгай эрдэмтнээр тодруулсан төдийгүй түүний хөрөг
Английн 50 фунтийн мөнгөн дэвсгэрт дээр хэвлэгддэг гэж бодохоор ямар хэмжээний эрдэмтэн гэдэг нь ойлгомжтой.
Харин “Хиймэл оюун ухаан” гэсэн нэр томь ёог Америкийн эрдэмтэн Жон Маккарти 1955 онд анх өөрийн бүтээлдээ ашигласан. ХОУ-ны дараагийн хөгжил нь 1980-аад оноос хөгжиж эхэлсэн машин сургалтын үе юм. Машин сургалт нь өгөгдсөн мэдээллийг тусгай зааварчилгаа, аргачлал ашиглалгүйгээр өгөгдлийн зүй тогтол, хэв шинж, холбоо хамаарлыг тогтоож, өөрөө өөрөөсөө суралцан судалдаг, процессын ирээдүйн чиг хандлага, хэтийн төлөвийг урьдчилан таамаглах чадвартай алгоритм юм. Хүн төрөлхтөн түүхийн өмнөх үйл явцаас суралцан, амьдралын хэв загвараа өөрчлөн сайжруулж, хөгжил дэвшлээ тодорхойлж ирсэн бол машин сургалт нь өгөгдлийн түүхээс өөрөө суралцан шинэ хэв загваруудыг тодорхойлж, өөрчлөн хөгжүүлэх чадвартай. Нөгөө талаас машин сургалт нь математик загварчлалыг автоматжуулах өгөгдлийн шинжилгээний арга бөгөөд компьютерыг их хэмжээний өгөгдөл ашиглан өөрөөр нь сургахыг судалдаг компьютерын шинжлэх ухааны аргачлал юм. Машин сургалт нь оролт ба гаралтын өгөгдлийг хоёуланг нь ашигладаг удирдлагатай сургалт, зөвхөн оролтын өгөгдлийг бүлэглэн боловсруулж ашигладаг удирдлагагүй сургалт, өгөгдлөөс суралцах явцдаа алдаагаа багасгаж ажилладаг зарчим болох хүчитгэсэн сургалт гэсэн гурван хэсэгт хуваагддаг. ХОУ ба машин сургалтын дараагийн хөгжлийн үе нь 2000 оноос хөгжиж буй гүн сургалт юм. Гүн сургалт нь машин сургалтын нэг төрөл болох нейроны сүлжээнд суурилж, асар их хэмжээний тоон мэдээлэл буюу их өгөгдөл боловсруулан хөгжиж байна. Энэ төрлийн аргууд нь хүний тархины бүтцийг дуурайлган загварчилж ажилладаг онцлогтой. Гүн сургалтын аргад олон давхар нейроны сүлжээ ашиглах ба давхарга бүр дээр загварын оновчтой параметр жингүүдийг тогтоох замаар оновчлолын бодлогууд бодогдож байдаг. ХОУ, машин сургалт ба гүн сургалт нь судалж буй процессын талаарх мэдээлэл, одоо болон өнгөрсөн үеийн түүхэн өгөгдөл, их хэмжээний тоон өгөгдөлд тулгуурлаж математик загвар, боловсруулалт хийдэг. ХОУ нь юмс үзэгдлийн мөн чанарыг зөвхөн тоон өгөгдөл рүү хувирган дүгнэлт гаргадаг. Тэртээ 2500 жилийн өмнө пифагорчууд “Бүх юмс тоо” гэсэн оюун санааны зарчим баримталдаг байсан бол үүнийг батлах мэт орчин үеийн ХОУ, машин сургалт нь их өгөгдөл, их тооны тухай шинжлэх ухаан болон хөгжиж байна. Машин сургалт, гүн сургалтын үндсэн суурь нь математик арга, загварчлал юм. Машин сургалт нь өгөгдлийг өөрөө боловсруулж, өгөгдлөөс өөрөө суралцан түүнийгээ сайжруулж, дүн шинжилгээ хийн оновчтой шийдвэр гаргах чадвартай бол гүн сургалт нь текстэн бичлэг, дүрс зураг, видео бичлэг зэрэг их хэмжээний өгөгдлөөс автоматаар суралцах боломж олгодог. Хамгийн өндөр нарийвчлалтай, оновчтой шийдвэр гаргахын тулд ХОУ нь их өгөгдлийн тархалтын хуулийг хэсэгчлэн тогтоож, тохирох загварын оновчтой параметрүүдийг олдог. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний математикийн статистик, оновчлолын аргуудыг түгээмэл ашиглаж байна. Судалж буй процессын хэтийн таамаглал дэвшүүлэх, ерөнхий чиг хандлагыг тогтооход оновчлолын аргуудыг өргөн хэрэглэж байна. Түүнчлэн их өгөгдлийг салган тусгаарлах, ангилахад ашигладаг ХОУ-ны кернел функцийн аргууд нь угтаа бол оновчлолын аргууд юм. ХОУ-ыг тухайн нэг салбарт нэвтрүүлэхтэй холбоотойгоор өгөгдлийн шинжээч гэдэг шинэ мэргэжил үүслээ. ХОУ нь үндсэндээ математик, компьютерын шинжлэх ухаан ба өгөгдлийн шинжлэх ухааны нийлмэл цогц болон хөгжиж байна. Өгөгдлийн шинжээч мэргэжил нь дээрх гурван салбарын мэдлэг, чадвартай байхыг шаардаж байдаг. Компьютерын үүсэл, хөгжил нь математикаас угшилтай, мөн их өгөгдөл нь математик-статистикийн аргуудыг шаарддаг учир ХОУ-ны салбарт нэн тэргүүнд математикчид давамгайлах хандлага ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд АНУ-д хийсэн судалгаагаар өгөгдлийн шинжээчийн мэргэжил нь хамгийн эрэлттэй мэргэжлээр тодорчээ. Суут Платоны академийн үүдэнд “Геометр мэдэхгүй хүн бүү ор” гэсэн бичиг өлгөөтэй байдаг шиг орчин цагт математикийн гүнзгий боловсролгүй хүн ХОУ руу “орох” боломжгүй болсон гэдэг нь харагдаж байна. ХОУ, өгөгдлийн шинжээчээр гадаадад мэргэжил эзэмшсэн анхны монгол эрдэмтэд төрөн гарч, амжилттай ажиллаад эхэлжээ. Тухайлбал, Лондоны их сургуулийг (Imperial col¬lege London) математикч мэргэжлээр төгссөн Энхбаярын Цацрал нь “Facebook” (“Meta”) компанид ахлах өгөгдлийн шинжээчээр ажиллаж байгаа бол доктор Төрмөнхийн Болор “Apple” компанийн өгөгдлийн шинжээч, машин сургалтын инженер-менежерээр ажиллаж байна.
ХОУ-ны дэлхийн тэргүүлэх эрдэмтэд гэвэл Жу Хоо Лий, Тайванийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Тун Куан Лиу, Луизианагийн их сургуулийн профессор Т.Уоррен Лиао, Францын Шинжлэх ухаан, судалгааны үндэсний төвийн захирал Малик Галлаб нар юм. Тэд хүн, машин хоорондын харилцан үйлчлэлийг бий болгох илүү дэвшилтэт интерфейс, алгоритм, системийн судалгаа хийж, оновчлолын арга, алгоритмуудын дизайныг боловсронгуй болгосон.
ХОУ нь бидний өдөр тутмын амьдралд өргөн хэрэглээг олсоор байна. Үүний тод жишээ нь гар утасны аппликэйшнүүд юм. ХОУ нь ухаалаг гар утсаар дамжин хүний эрүүл мэндийг хянах болсон билээ. Судасны даралт, зүрхний цохилт, өдөр тутмын алхалтын тоо зэрэг эрүүл мэндийн анхан шатны үзүүлэлтийг ХОУ гүйцэтгэж, бидэнд мэдээлэл өгч байна. ХОУ нь эрүүл мэндийн салбарт хүний өвчний онош тогтоох, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, шинээр эм бүтээх, мэс засал хийх, шаардлагатай эрхтэн “хэвлэж өгөх” (орлуулах) зэрэг асар нарийн үйлдлийг гүйцэтгэх нь ойрын ирээдүйд биеллээ олно. Эрүүл мэндийн салбарт ХОУ-д суурилсан “AlphaFold-DeepMind” шиг программуудыг нэвтрүүлснээр олон эмийн судалгаа хийж, шинэ эмүүдийг бүтээн, эрүүл мэндийн салбарын хурдацтай хөгжлийн зам нээгдэнэ. Түүнчлэн ХОУ нь эрүүл мэндээ хайхардаггүй, өвчнөө эмчилдэггүй хүмүүсийг илрүүлэх, хяналт тавих, мөн цаашлаад тэднийг торгох зэрэг үүргийг ч ирээдүйд гүйцэтгэхээр байна. Өөрөөр хэлбэл, ХОУ нь бидний дотнын гэрийн эмчийн үүрэг гүйцэтгэх болно. ХОУ нь мөн гэрийн үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэж, эзэндээ цаг агаарын мэдээ хэлж өгөн, хүссэн дууг нь эгшиглүүлэн, цай кофег нь дөхүүлж өгч байна. Аливаа байгууллагын хэрэглэгчид үйлчилгээний цаг товлох, зөвлөгөө авахдаа ХОУ ашиглаж эхлээд буй бол ойрын ирээдүйд радио, телевизийн мэдээг ХОУ-аар бүтээсэн хүн бидэнд уншиж өгөх болно. Ухаалаг бугуйн цагаар гэхэд ХОУ нь бидний эрүүл мэндийн шаардлагатай өгөгдлийг олж аван боловсруулж чадаж байгааг харвал ийм оюун ухаан нь ирээдүйд бидний сэтгэл хөөрөл, гуниг, баярыг хуваалцан хариу үйлдэл үзүүлэх боломжтой гэдэг нь тодорхой байна. Жишээлбэл, сэтгэл гутралд орсон үед ХОУ нь тухайн хүнд тохирсон тайвшруулах хөгжмийн ая тавьж өгч, сэтгэл зүйд нь нөлөөлөх, баяр хөөртэй байлгах хөгжмийг зохион өгч болох юм. Нэг үгээр хэлбэл, ХОУ нь гэрийн сэтгэлзүйчийн үүрэг мөн гүйцэтгэх нь ээ.
Их өгөгдлийг ашиглан бэлтгэсэн математик загваруудыг ашигласнаар ХОУ нь бүх салбарт нөлөө үзүүлдэг болж, хүн төрөлхтний амьдралын хэв маягт өөрчлөлт оруулсаар байна. ХОУ-ыг ашигласан “Google”-ийн “Waymo”, “Tesla”-гийн “Autopilot” зэрэг компанийн нээлт нь тээврийн салбарын хөгжлийг үндсээр нь өөрчлөх хандлагатай боллоо. ХОУ-аар тоноглосон компьютерын удирдлагатай, жолоочгүй автомашин хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Жолоочгүй автомашин замын ослыг 90 хувиар бууруулдаг гэсэн судалгаа ч байна. ХОУ-ны энэхүү машинууд нь орчин тойрноо радар, GPS, лазер хараа, компьютерын дуран зэргээр ажиглаж, эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайнд бүрэн хянаж, бүх орчныг мэдэрч, аюулгүй ажиллагааг хангаж явдаг тээврийн хэрэгсэл юм. Судлаачдын тооцоолсноор 2040 он гэхэд нийт автомашины 75 хувь нь жолоочгүй болно гэсэн таамаг байна. Цаашлаад, ХОУ нь хэл зүйн шинжлэх ухаанд өргөн нэвтэрч буй. Өөрөөр хэлбэл, хүний хэл яриаг компьютероор ойлгуулж хариу үйлдэл үзүүлж байна. Үүний тод жишээ нь, “Google translator” (орчуулагч) программ билээ. ХОУ-ны тусламжтайгаар хүмүүс тухайн нэг төрөлх хэлийг ойлгон, тус хэл дээр өөрийн хэлнээс хөрвүүлэн ярих боломжтой болж байна. Энэ төрлийн процесс нь дууны долгионыг үг болон текст болгон хувиргаж байгаа юм. Эдгээрийг хийх явцад ХОУ-аар боловсруулах систем нь олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх замаар үг болон текстэд хариу үйлдэл үзүүлж байдаг. ХОУ-ны тусламжтайгаар нарийн төвөгтэй ажлуудыг гүйцэтгэдэг, үг, өгүүлбэрийн алдаа шалгагч болон засагч программ, машин орчуулгын систем, хүний яриа таних систем, бичвэрийг ярианд хөрвүүлэгч программ зэрэг зүйлс үүссээр байна. Эдгээрийг ашиглаж буй тод жишээ нь ухаалаг гар утсанд байдаг олон хэлний орчуулгын толь бичгийн аппликэйшн юм. Үүнийг ашигласнаар дэлхийн ямар ч орны хүнтэй тэдний хэлээр ойлголцож, ярилцах боломж үүссэн билээ. Өөрөөр хэлбэл, та утсан дээрээ төрөлх хэлээрээ ярьж, аль хэл рүү орчуулахыг заахад л хангалттай. Танд текстэн хэлбэрээр орчуулж өгөхөөс гадна бас тухайн хэлээр дуудаж өгнө. Орон орны судлаачид өөрсдийн төрөлх хэлийг гаднын олон орны хэл рүү орчуулах судалгааг хийсээр байна. Тэгэхээр тун удахгүй дэлхийн бүх хэлээр ярих боломжтой болно гэсэн үг.
“Болор цом” яруу найргийн тэмцээний бүтээлийг жил бүр үзэгчид тэсэн ядан хүлээдэг билээ. Тэгвэл ХОУ-ны олон амжилтыг “Болор цом”-д хэрхэн хэрэглэж болохыг авч үзье. “Болор цом”-ын тэмцээний үеэр тайзан дээр уншиж буй яруу найрагчдын шүлгийг ХОУ шууд танин орчуулж, текстэн хэлбэрт шилжүүлэн, автоматаар эмхэтгэн, тэр даруй товхимол болгон хэвлэж, үзэгчдэд хүргэх боломжтой. Өөрөөр хэлбэл, үзэгч “Болор цом”-ын товхимлыг удаан хүлээхгүйгээр шууд авна гэсэн үг. Үүнийг Монголын ХОУ-ны мэргэжилтнүүд болон яруу найрагчид ойрын ирээдүйд хамтран бүтээдэг болно.
ХОУ нь үйлдвэрлэлийн процессоос эхлээд банк санхүү, барилга, тээвэр зэрэг олон салбарт өргөн цар хүрээтэй нэвтэрч эхлээд байна. Иргэдийн хүйс, боловсрол, нас, өрхийн гишүүдийн тоо, ажилласан жил, зээлийн түүх зэрэг үзүүлэлтийг харгалзан иргэдэд зээл олгох асуудлыг ХОУ аль хэдийн шийдчихсэн, бид хэрэглэж буй. Энд ХОУ нь тухайн харилцагч хэр найдвартай зээлдэгч вэ гэдгийг тодорхойлох үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн орон сууцын талбайн хэмжээ, дулаан хадгалалт, дуу чимээ, барилгын материал, зогсоол, зам, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгээс алслагдах зай зэрэг үзүүлэлтийг ашиглан ХОУ нь орон сууцын бодит үнэ цэнийг тогтоож байна. Түүнчлэн ХОУ нь хүний нөөцийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэж, тухайн хүний намтрыг үндэслэн ажлын байранд авах, эсэх шийдвэрийг гаргадаг боллоо. Гэмт хэрэг, залилан мэхлэх үйл явдлыг урьдчилан таамаглах, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд ХОУ-ыг мөн ашиглаж байна.
Иргэдийн санхүүгийн мэдээллийг үндэслэн ХОУ нь эдийн засгийн гэмт хэрэг болох мөнгө угаалт, авлигын асуудлыг ч шийдэж өгч чадна. “Мөнгө мөртэй” гэж эдийн засагчид үздэг болохоор авлигын асуудлыг ХОУ-аар харин ч амархан шийдэх боломжтой. Иймээс АТГ-т ХОУ-ны мэргэжилтнүүд шаардлагатай болно. Цаашилбал, ХОУ нь дэлхийн мэдээний сүлжээнүүдээс сэтгүүлчдэд хамгийн чухал хэрэгтэй мэдээг нь хүргэдгээрээ сэтгүүл зүйд нэвтэрч байгаа бол хууль дүрмийг боловсронгуй болгох, хууль зүйн экспертиз хийхэд ХОУ-ыг мөн ашиглаж байна. ХОУ-ыг цаг агаарын мэдээг үнэн зөв таамаглахад аль хэдийн нэвтрүүлчихсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын технологийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох 3D принтер, автомат тээврийн хэрэгсэл, биотехнологи, нано технологи, квант тооцоолол, робот, интернэт зэрэг нь бүгд ХОУ-д үндэслэгдсэн билээ.
Хүний сэтгэн бодох үйл ажиллагааг ХОУ-аар дуурайлган гүйцэтгэхэд шатрыг загвар болгон ашиглах нь туйлын тохиромжтой юм. Алан Тюринг бүр 1948 онд шатрын анхны компьютерын программыг зохион бүтээж, туршиж байсан. “AlphaZero” нь “Google”-ийн “DeepMind” компанийн ХОУ-д суурилсан шатрын программ юм. Энэхүү программ нь ХОУ-ны гүн сургалтын нейрон сүлжээний хүчитгэсэн сургалтын аргад суурилдаг. “AlphaZero” нь зөвхөн шатрын нүүдлийн дүрмээр нэг секундэд 70 сая өргийн байрлалыг үнэлэн тооцоолдог бөгөөд машин сургалтын зарчмаар өөрөө өөртэйгөө есөн цагийн дотор 44 сая өрөг тоглох чадвартай. 2017 оны 12 дугаар сарын 5-нд “AlphaZero” нь дэлхийн хамгийн хүчирхэг шатрын программ “Stock¬fish”-тэй 100 өрөг тоглосноос 28 хожиж, 72 тэнцэж, нэг ч хожигдолгүйгээр үнэмлэхүй амжилт үзүүлсэн билээ. Энэхүү үйл явдал нь ХОУ-ны хөгжил дэвшил, хүч чадлыг хүн төрөлхтөнд харуулсан бөгөөд тооцон бодох, гүйцэтгэх чадвараараа ХОУ нь хүнээс хол давж чаддагийг түүхэнд мөн илтгэсэн юм. Үүнийг энгийнээр хүний хүчин чадалтай харьцуулж үзвэл, хүн 5-90 нас хүртэл өдөр бүр цагт зургаан өрөг 12 цагийн турш тоглодог гэвэл 85 жилийн турш нийт ердөө 2 203 200 өрөг л тоглох юм.
ХОУ-ны бас нэг гайхамшигтай ололт нь радио телескопын олон улсын сүлжээ болох “Event horizon telescopes” (EHT) нь ХОУ-ны тусламжтайгаар таван PB (petаbyte) их өгөгдлийг боловсруулсны үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд орших “Мессье-87” галактикийн төвд байрлах, нарнаас 6.5 сая дахин илүү жинтэй сансрын хар нүхний зургийг хүн төрөлхтөнд анх удаа толилуулсан. Ташрамд хэлэхэд, Английн физикч, математикч Роджер Пенроуз хар нүхний судалгаагаар 2020 оны физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
2022 оны зургадугаар сарын 20-22-нд ШУА, МУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургууль хамтран “Оновчлол, симуляци ба оновчтой удирдлага” нэртэй олон улсын долоо дахь хурлыг зохион байгуулсан юм. Дэлхийн 16 орны судлаачид оролцсон уг хуралд ХОУ-ны чиглэлээр Монголын судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлсэн. Тэдгээрээс дурдвал, Төрийн соёрхолт эрдэмтэн Ч.Алтаннарын “Машин сургалтыг эмнэлгийн болон биологийн өгөгдлүүдэд ашиглах нь”, ШУА-ны Математик, тоон технологийн хүрээлэнгийн доктор Д.Ууганбаатарын “Монгол хүний нүүр царай, яриаг танихад ХОУ-ыг ашигласан нь”, эрдэм шинжилгээний ажилтан Б.Отгонсувдын “Хиймэл оюун ашиглан уран зургийг таних нь”, МУИС-ийн доктор Ж.Энхбаярын “Гэмт хэргийг илрүүлэхэд нейроны сүлжээг ашиглах нь”, доктор Б.Баянжаргалын “Хөрсний бүтцийн шинжилгээнд ХОУ-ыг ашиглах нь”, доктор М.Мэнд-Амарын “Замын хөдөлгөөний түгжрэлд ХОУ-ыг ашиглах нь”, ХААИС-ийн доктор Д.Мөнхзаяагийн “Фермийн аж ахуйн менежментийг ХОУ-аар удирдах нь”, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн доктор Б.Дагиймаагийн “Хиймэл оюун ухаан ашиглан ярианы хандлага, сэтгэл хөдлөлийн байдлыг хэмжих нь” зэрэг илтгэл болно.
ХОУ-ны шинэ мэргэжил үүссэнтэй холбоотойгоор ирээдүйд ажилгүйдэл ихсэх, шинэ мэргэжлүүд бий болох хандлага гарч ирнэ. ХОУ-ыг бүх салбарт үр бүтээлтэй нэвтрүүлснээр ойрын 20 жилд зээлийн эдийн засагч, номын санч, хуулийн зөвлөх, нягтлан бодогч, банкны теллер, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, орчуулагч, хэлмэрч, эмийн санч, уул уурхайн инженер, уурхайчин зэрэг 700 гаруй ажил мэргэжил устан алга болох судалгаа гарчээ. 2030 он гэхэд гараар хийх бүх үйл ажиллагааны 30 хувь нь хиймэл оюун ухаанжсан байх тооцоо бий. ХОУ-ны шинэ ажлын байр нь өндөр ур чадвар, боловсрол шаардахаас гадна хүмүүсийг мэргэжлээ дээшлүүлэхийг шаардана. Боловсрол, шинжлэх ухааны яам болон их, дээд сургуулиуд энэ чиг хандлагыг мэдэрч, боловсролоор дамжуулан шинэ үеийн мэргэжилтнүүдийг нийгмийн хэрэгцээнд тохируулан бэлдэх замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах үүрэг гүйцэтгэх ёстой. 2021 онд “ХОУ-ны технологи нь орчин үеийн боловсролын чухал асуудлыг шийдэх, сургалтад дэвшилттэй инновацыг нэвтрүүлэх чухал арга хэрэгсэл юм” гэж ЮНЕСКО үзэн, улс орнуудын төр, засгийн удирдлага, шийдвэр гаргагчдад зориулан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжид дунд сургуулиуд болон их, дээд сургуулиудад ХОУ-ны технологийг хэрхэн нэвтрүүлэхийг алхам бүрээр заахыг зөвлөжээ. Тухайлбал, ХОУ-ыг нэвтрүүлснээр багш нь сурагчдын өмнө эрх зүйн ямар орчинд ямар үүрэг хүлээхийг, ажлаас чөлөөлөгдөх нөхцөлийг, ямар мэргэжил эзэмшсэн байх ёстой зэргийг тодорхой заасан байна. Үүнтэй холбоотойгоор их, дээд сургуулиудад ХОУ-ны мэргэжилтэн бэлдэх шаардлага үүссэн төдийгүй уг зөвлөмжийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
ХОУ нь хүний тархины үйл ажиллагааг бүрэн загварчилж, хүнээс ухаантай болж, хүн төрөлхтөнд аюул учруулж болох уу гэсэн асуулт тавигдсаар ирсэн. Үүний хариу болгож Роджерс Пенроуз математикийн аксиомуудын дурын систем гүйцэд биш байх тухай Гёделийн теоремыг ашиглан хүний уураг тархи ба компьютерийн хоорондын зарчмын ялгааг харуулсан юм. Өөрөөр хэлбэл, логик схемээр хязгаарлагдсан компьютер нь тооцоолон гүйцэтгэх талаараа хүнээс илүү чадвартай ч хүний уураг тархины бүхий л үнэнийг гүйцэд мэдэх, шийдвэр гаргах чадвартай байх ямар ч боломжгүй ажээ.
ШУА-ийн Mатематик, тоон технологийн хүрээлэнгийн Mатематикийн салбарын эрхлэгч,ШУ-ны доктор, профессор
Рэнцэнгийн ЭНХБАТ