
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" урлагийн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-ны өдөр Их Засаг олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” цогцолборын спорт зааланд зохиогдлоо. Тэмцээнд 9 ангилалд 13 клубийн шилдэг 97 тамирчин өрсөлдсөнөөс Хилийн цэргийн 0303 дугаар ангийн “Алтан шонхор” клубийн тамирчид амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Амжилт гаргасан тамирчдыг дурдвал, 65 кг-д өрсөлдсөн олимпын таеквондогийн спортын мастер, дэд ахлагч Б.Мөнх-Учрал мөнгөн медаль, А.Адьяа хүрэл медаль, хүнд жин буюу +75 кг-д хошууч С.Ариунболд хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Энэ спорт нь эрт өмнө нь Монгол цэргийн эрдэм буюу үндэсний тулааны урлаг нь цэвэр дайн тулаан, зэвсэгийн шинж чанарыг агуулсан байсан бол орчин үеийн Монгол-Зо төрөл нь өнөөгийн нийгэм болон Монгол хүний бие бялдар, зан онцлогт тохирсон, Дэлхийн БХУ-ийн төрлүүдээс ялгагдахуйц өвөрмөц мэх, техник, онол, өмсгөл, зэвсэг, ёс жаягтай мэргэжлийн болон сонирхогчийн хоёр чиглэлээр хөгжиж буй тулааны урлаг юм.
Ардчилсан хувьсгалын дараа манай улсад Дэлхийн бусад орны бие хамгаалах урлагийн төрлүүд нэвтрэн орж хөгжих сууриа тавихтай зэрэгцэн Монгол-Зо төрөл нь хөгжиж эхэлсэн бөгөөд Монголоо гэсэн сэтгэл, зүтгэлтэй зарим багш нар түүхэн уламжлалт Монгол тулааны аргачиллуудыг өөр өөрсдийн сурч мэдсэн арга дээр суурилан нэр оноож хөгжүүлэх гэсэн оролдлого манай улсад ч бас 90-д оны эхэн үед гарч байсан гэнэ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан