“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг 2021 оноос “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулах болсон. Анхны үзэсгэлэнгээ дээрх хоёр байгууллагынхан Авлигатай тэмцэх газар, “Тунгаахуй” өгөгдлийн урлантай хамтран “Дата эрх чөлөө: Мэдэх эрх” сэдвээр өнгөрсөн онд дэлгэж, 800 гаруй хүнд толилуулсан юм. Төрийн ил тод байдлыг сайжруулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, нийгмийн эерэг өөрчлөлтөд түүчээлсэн иргэний нийгмийн байгууллагуудын түүхийг өгүүлэх, нээлттэй өгөгдлийн сан бүхий www.opendatalab.mn сайтын үйл ажиллагааг тухайн үед танилцуулснаараа онцлог байв. Тэгвэл удаах үзэсгэлэнг “Дата эрх чөлөө: Дижитал хяналт” нэртэйгээр өчигдөр нээлээ. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг энэ удаагийн үзэсгэлэнгээр хөндөхийг зорьжээ. Тухайлбал, тус хуулийн дагуу төрийн байгууллагуудаас өөрт байгаа мэдээллүүдийг нийтийн өгөгдөл болгон нийтлэх буюу ил тод байлгах үүрэг хүлээсэн юм. Гэвч бодит байдалд төрийн байгууллагууд нээлттэй байх бус, харин ч улам хаалттай болсоор буй. Тиймээс үзэсгэлэн зохион байгуулагчдын зүгээс өөрт байгаа, төрийн байгууллагуудын талаарх мэдээллүүддээ тулгуурлан мэдээллийн ил тод байдлыг сайжруулахадхувь нэмрээ оруулахыг зорьжээ. Мөн мэдээллийн ил тод байдалд иргэдийн зүгээс тавих хяналтыг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилго тавьсан аж. Тухайлбал, УИХ-ын 2020 онд оролцсон нам, эвслийн сонгуулийн нийт санхүүжилтийн талаарх мэдээллийг “Дата эрх чөлөө: Дижитал хяналт” үзэсгэлэнгээс харж болно. Мөн байгаль орчны салбар хариуцсан үе үеийн сайд нар тусгай хамгаалалттай бүс нутгаас хэдий хэмжээний газрыг олгосон талаарх мэдээллийг ikon.mn сайтын эх сурвалжаас эш татан олон нийтэд хүргэж байна. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газраас гаргасан, яамдын шударга байдлын үнэлгээний үр дүнтэй танилцаж болох нь. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигчид иргэдэд тарааж байсан сонирхолтой “үзмэр”-үүдийг ч харах боломжтой. Үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл “Norphei” арт галерейд үргэлжилнэ.
Бэлтгэсэн А.Тайшир