Нас дээр гарсан Ж.Төвхөн гуай өөрийн гэсэн орон гэргүй болоод удаж буй. Түүний хөгшин нь “Өөрийн гэсэн орон гэртэй болох сон” хэмээн нүдээ ширгэтэл харсаар хэдэн жилийн өмнө нүд аньсан гэнэ. Цагтаа тэд амины хашаа, хоёр давхар байшин, тов хийсэн ажлын байртай, хүлэмж, талбайдаа ногоогоо тарьж, ая тухтай таавараа аж төрж асан. Харин 2012 оны хоёрдугаар сард “Гранд лайн” компанийнхан Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооныхонтой ирж уулзсан байна. Ингэхдээ оршин суугчдаар сугалаа татуулж, азтанд хөргөгч, зурагт бэлэглэжээ. Улмаар газар, байшингаа чөлөөлөөд өгчихвөл нэг хоёр жилийн дараа төвийн шугамын халаалттай сайхан тохилог байранд оруулна, хананаасаа халуун ус авдаг болно хэмээн амласан гэдэг. Ийнхүү гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан тэд 2013 оны гуравдугаар сард хашаа, байшингаасаа ширхэг ч хадаас, банз ч авалгүй, тавилгаа ачаалж нүүжээ.
Харамсалтай нь, нэг хоёр жил өнгөрсөн ч компаниас иргэдийг амласан байрандаа оруулсангүй, эхний нэг жил түрээсийн мөнгө өгсөн ч дараа жилээс нь тэгсхийгээд “мартжээ”. Бүр компанийн эрхээ “Бэрэн” группт шилжүүлсэн гэдэг. Арга мухардсан иргэд иргэд нийслэлийн удирдлагад гомдол гаргаж, хэвлэлд ханджээ. Харин Орон сууцны бодлогын газраас иргэдэд “Хангай” хотхонд хамгийн захын, нар үздэггүй, умгархан жижиг, босоо дүүштэй, шаардлагад нийцэхгүй байр “шахжээ”. Харин иргэд үүнийг үл хүлээн зөвшөөрч, зарим нь газраа буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ж.Төвхөн гуай энэ талаараа “Тэргэнцэртэй өвгөн минь өтлөхийн цагт өөрийн гэсэн орон гэргүй боллоо хэмээн сэтгэл санаа гундуу явсаар гэрээсээ нүүснээсээ хойш гурван жилийн дараа өөд болсон доо. Би сүүлийн 10 жил үр хүүхдүүдийнхээрээ амьдарч байна. Ийм олон жил өнгөрлөө, нэгэнт шаардлагад нийцсэн орон байр өгөөгүй тул би шүүхэд хандаж, газраа буцааж авсан. Хүмүүс байранд л орж байвал чанартай эсэх нь хамаагүй, тэнгэрийн умдаг атгасан мэт санах юм. Бид насаараа хашаагаа тордож их сайхан тохилог байшин барьсан даа. Одоо насны эцэст хашааны ширхэг банк ч үгүй, байшин ч үгүй хоосон газартайгаа үлдлээ дээ” хэмээсэн юм.
Уг нь шаардлагад нийцсэн орон байр гэдэг аюулгүй байдлын баталгаа,
шаардлагад нийцсэн орон байр гэдэг үл хөдлөх хөрөнгө,
шаардлагад нийцсэн орон байр гэдэг эдийн засгийн сэргэлт,
шаардлагад нийцсэн орон байр гэдэг хувийн хамгийн том орон зай,
шаардлагад нийцсэн орон байр гэдэг гэр бүл элэг бүтэн байх төвлөрөл,
шаардлагад нийцсэн орон байр гэдэг үр хүүхдэдээ ирээдүйд үлдээх өв юм.
Иргэдийн энэ л эрхийг зөрчсөн дараагийн дараагийн жишээг хүргэе.
Гаднаа гяланцаг дотроо паланцаг
Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүйг тогтоосон байдаг.
Тиймээс нийслэлийн ЗДТГ-аас дээрх байршилд “Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжруулах гэр хорооллын хөгжил” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Захиалагч нь төр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Орон сууцны бодлогын газар, Хөрөнгө оруулалтын газар. Гүйцэтгэгч нь “Нью биг фиш констракшин” ХХК. Ингээд оршин суугчдыг нь зуны гуравхан сар тэвччих, дараа нь сайхан байранд оруулна хэмээн 2017 оны зургадугаар сард байрнаас нь гаргажээ. Иргэд гурван жил шахам тэмцэж байж, сонгуулийн өмнөх жил буюу 2019-2020 оны заагт байрандаа оржээ. Тодорхой хэлбэл, Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байрныхан шинэ орон сууцны түлхүүр гарджээ. Тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тууз хайчилж, “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцад оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил” хэмээж байсныг иргэд мартаагүй.
Харамсалтай нь, тухайн орон сууц ганц өвлийн ая даахгүй тар нь танигджээ. Тус байрны оршин суугч М.Мөнхцэцэг энэ талаар “Хотын дарга нар цагаан бээлийтэй тууз хайчлаад л тухайн байрыг сүр дуулиантай ашиглалтад оруулж байлаа. Гэтэл улсын комиссоос байруудыг хүлээж авахаас татгалзсан. Тиймээс би ч “Энэ байранд орохгүй. Шаардлагад нийцсэн орон сууцтай болмоор байна” гэдгээ хэлсэн. Үүний төлөө хотын удирдлага болоод компанийнхан намайг их дарамталсан. Тэртэй тэргүй гурван талт гэрээгүй юм чинь байрыг чинь өгөхгүй гэсэн. Сү.Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазар гээд хотын бүхий даргад хандсан. Огт тоогоогүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа хүлээн авч уулзсан. Монгол Эмнести Интернэшл байгууллагаас зөвлөгөө өгсөн. Сү.Батболд даргын үед гурван талт гэрээ байгуулсан ч нэг гарын үсэг дутуу гээд баталгаажуулаагүй. С.Амарсайхан дарга ч үүнийг хэрэгсээгүй. Ингээд компани дураараа аашилсан. Байр зэвтэй устай. Уух битгий хэл хувцас ч угаах боломжгүй. Цахилгаанаар байраа дулаацуулдаг. Цахилгааны төлбөр ч дийлдэхгүй. Сэрүүнд цахилгааны ачааллаа дийлэхгүй утас шатна, шит унах нь энгийн үзэгдэл. Гадна харагдах үзэмжээрээ байр л даа. Гэвч төвийн шугамд холбогдоогүй. “Нью биг фиш констракшин” ХХК намайг хянаж хавчсаар би 2021 онд л аргагүйн эрхэнд байрныхаа эзэн болсон. Одоо нөхцөл байдал хэцүү л байна. Хүйтэнд байрны хана цантчихдаг. Хана том том цуурчихсан сийгж, дээврээсээ ус дусаж, нар сар гэрэлтдэг” хэмээсэн юм. Ийнхүү хувийн хэвшил танах боломжтой бүх зүйлийг танаж, ашиглалтын шаардлага хангахгүй байранд иргэдийг оруулжээ. Ингэхдээ иргэдэд 24 ам метр талбай бүхий байр өгнө хэмээсэн ч бодит байдалд 19 ам метр талбайтай байр өгсөн гэдэг.
НҮБ-ын Тусгай илтгэгч орон гэргүй эсхүл шаардлагад нийцэхгүй орон байранд амьдарч байгаа хүмүүсийг хамгаалахын тулд улс орнууд наад зах нь дараах арга хэмжээнүүдийг авах ёстой хэмээн 2019 онд зөвлөж байжээ. Үүнд нүүлгэн шилжүүлэлтийг зогсоох, шаардлагатай хүмүүсийг яаралтай орон байр, үйлчилгээгээр хангах, ер нь шаардлагад нийцсэн орон байраар хангах ёстой” гэж зэрэг зөвлөмжүүд багтжээ.
Р.Очирбал: Манай эрх зүйн орчин хийдэлтэй
Эмнести Интернейшнл олон улсын байгууллагын Удирдах зөвлөлийн дарга, Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч Р.Очирбал мөн шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн талаар иргэдэд дараах зөвлөмжийг өгсөн юм. Тэрбээр “Хот суурин газрын дахин хөгжүүлэх төлөвлөлт дээр гурван гол загвар бий. Иргэн, барилгын компани, төр гээд гурван тал байна. Улс орнууд иргэдийн мэдлэг, боловсрол, хүч чадлаас хамаарч энэ гурван хэлбэрээс сонгодог. Төсөл хөтөлбөр хэрэгжих боломж нөхцөлөөс мөн хамаарна. Хоёр дахь загварыг сонгоод буй манайд бизнест хүний эрхийг хүндэтгэх соёл хандлага маш дутмаг. Мөн олон нийтэд энэ төрлийн харилцаа цоо шинэ, хууль тогтоомж ч мөн шинэ, иргэдийн энэ талын эрх зүйн мэдлэг боловсрол тааруу байсан. Энэ нөхцөлд гурвалсан гэрээний хэлбэрээс асуудал нь гарч ирсэн. Бизнесийн нүдээр илүү харангуутаа зөвшилцөх процессоо буруугаар хийж эхэлсэн.
Жишээ нь, иргэдийн нэгдлийг бий болгохдоо бизнесийн байгууллагууд дотор нь өөрсдийнхөө хүмүүсийг оруулж байгаад санаатайгаар шийдвэрт нөлөөлөх тохиолдол олон гардаг. Гэтэл Франц Улсад жишээ нь, дүрвэгчдийн асуудлыг шийдэхийн тулд газрын эзэнтэй төр нь ярьж тохироод газрыг нь авсны дараа төр нь бизнес эрхлэгчтэй ярилцдаг. Манайд гурван талт гэрээний харилцаанд ороод бизнес нь, төсөл нь алдсан тохиолдолд төр ямар үүрэгтэй вэ гэдэг нь тодорхой биш. Тиймээс энэ нөхцөлд иргэд бизнесийн байгууллагатай маргалдаад, шүүхдэлцээд л яваад байдаг. Төр нь шийдтэй алхам хийх эрх зүйн орчин бүрдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчин хийдэлтэй гэсэн үг. Энэ тохиолдолд олон улсын үүргийг нэхэж шаардах нь зөв. Тухайлбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эдийн засаг Нийгэм Соёлын Эрхийн тухай факт, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн конвенц, Бүс нутгийн хүний эрхийн механизмуудыг судлах хэрэгтэй” хэмээсэн юм.
Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд 2013-2018 онд 25 байршилд 76 хэсэгчилсэн талбайн жагсаалт жагсаалт гаргасан. Үүний 57 хэсэгчилсэн талбайд 36 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр ажилласан. Гэвч төрийн буруутай үйл ажиллагаа болон бизнесийн байгууллагын ашиг хонжоо харсан үйлдлээс болж иргэд энэ мэтээр хохирсон нь цөөнгүй.